“УБТЗ” ХНН: Үерт угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой нэмж барина
Дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой үер усны болзошгүй эрсдэлийн эсрэг хариу арга хэмжээ авах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс төмөр зам үерийн усанд угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой, гүүр, нүхэн гарц зэргийг барьж байна.
Энэ онд үерийн ус орж ирэх эрсдэл өндөртэй долоон газарт ус өнгөрүүлэх хоолой барихаас гадна хоёр гүүр, хоёр нүхэн гарц барихаар төлөвлөжээ. Саяхан Шивээ-Овоо– Шивээ говь өртөө хоорондын 683 км-ийн 4-р зуут болон Шивээ говь-Өлзийт зөрлөг хоорондын 693 км-ийн 3-р зуутад ус өнгөрүүлэх хоолой барьсан юм.
Эдгээр эрсдэл өндөртэй газруудад 1957, 1980, 1982, 1984 онуудад зам усанд угаагдаж байжээ. Мөн саяхан үерийн усанд угаагдсан Агуйт–Наран-Элгэн хоорондын замын эрсдэл өндөртэй цэгүүдэд ус өнгөрүүлэх хоолой шинээр нэмж барихаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН