“МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиум дуусч, үзэсгэлэнгээ нээлээ

Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ болон “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдийг Монголд урьж оролцуулсан “МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиум наймдугаар сарын 4-нөөс 21-ний хооронд Тэрэлж байгалийн цогцолбор газарт байрлах “Гүрү Эко” цогцолборт амжилттай зохион байгуулагдсан билээ.

Симпозиумын үеэр туурвигдсан томоохон бүтээлүүдийн “Public Art – Urban Sculpture” үзэсгэлэн найдугаар сарын 24-ний өдөр ХААН Банк цамхгийн гадна талбай болон Хаан Галарейд нээгдлээ.

Нээлтийн үеэр Элчин сайд  Хэлмут Кулитц “Урлагт аливаа соёл болон хэлний хил хязгаар гэж үгүй бөгөөд орчуулах шаардлагагүй бүх нийтийн хэл юм. Сүүлийн есөн жилийн хугацаанд Монгол Улс болон НордАрт үзэсгэлэнгийн хоорондын хамтын ажиллагаа хэрхэн цэцэглэн хөгжиж байгааг хараад үнэхээр их урам зориг авч байна” гэв.

Мөн НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Энэхүү олон улсын уран баримлын симпозиумын арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-тэй уялдан холбогдож байгаа бөгөөд  цаашид олон жил зохион байгуулагдана гэдэгт итгэж байна. Эдгээр бүтээлүүд нь улаанбаатарчуудын нүд, сэтгэлийг баясгаж, нийслэл хотын гудамж, зам талбайг чимэхээр болж байгааг харахад таатай байна” гэлээ.

Энэ жилийн “МонголианАрт” уран баримлын симпозиумын үзэсгэлэнд Монгол, Герман, Итали, Испани, Болгар, Эстони, Өмнөд Солонгос зэрэг долоон орны есөн уран бүтээлч оролцож байгаагаас симпозиумын үеэр зургаан уран барималч Монголын байгалийн боржин чулуу, ган, төмрөөр томоохон бүтээлүүдээ туурвиж, гурван уран бүтээлч нь бэлэн бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байна.

Болгарын уран бүтээлч Лилия Поборникова “Би Монголд анх удаа ирээд байгалийн сайхан орчинд ажиллаа. Миний баримлын нэр бол “Уулзвар”. Хоёр төрлийн дүрсийг зохицуулж хослуулснаар бид амьдралдаа янз бүрийн сонголт хийж төрөл бүрийн зам жимийг гаргадаг гэсэн утга агуулсан. Миний бүтээл анхны загвараасаа өөрчлөгдсөн. Учир нь хүрээлэн буй орчноосоо өөр онгод мэдрэмж аваад түүнийгээ бүтээлдээ шингээж бүтээлийнхээ анхны санаагаа өөрчлөн, авчирсан загвар моделиосоо ялгаатай болсон” хэмээн бүтээлүүдийнхээ туурвилын талаар хуваалцсан юм.

МонголианАрт олон улсын уран баримлын симпозиум нь Монгол Улсын ба олон улсын шилдэг уран бүтээлчдийн хоорондын мэргэжлийн туршлага, соёлын солилцоо, оюутан залуучууд, иргэдэд урлаг соёл, гоо зүйн боловсрол олгох, мөн гадаад сурталчилгаа, соёлын аялал жуулчлалд хувь нэмэр оруулж олон улсын уран бүтээлчид болон НордАрт-ын Зүүн Өмнөд болон Төв Азийн жуулчид, үйлчлүүлэгчдийн урсгалыг Монгол улс руу татах онцгой ач холбогдолтой.

“МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиумын үзэсгэлэн нь ХААН Банк цамхагийн олон нийтэд нээлттэй орчинд, харин НордАрт-ын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Хаан Галерейд есдүгээр сарын 30-ыг хүртэл олны хүртээл болно. Уран бүтээлүүд дээр байршигдах Dynamic QR код бүхий интерактив коммуникаци сурталчилгаагаар дамжуулан уран бүтээлийн тухай бүхий л талын мэдлэг, мэдээллийг англи болон монгол хэл дээр авах боломжтой.

Энэхүү арга хэмжээ нь 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жил, НордАрт, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны 10 жилийн ойг тус тус угтан зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2024 оноос эхлэн Монгол Улсад цаашдаа гурван жил тутамд зохион байгуулагдана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *