ЗТХЯ-аас “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлэх асуудалтай холбоотой мэдэгдэл гаргажээ
ЗТХЯ-аас “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлэх асуудалтай холбоотой мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ,
“Сүүлийн үед нэр бүхий зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв” -тэй холбоотой илт гүтгэлгийн чанартай худал ташаа мэдээллийг зориуд зохион байгуулалттайгаар, захиалгатайгаар тараах боллоо.
Тухайлбал “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлэх асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд хөндлөнгөөс оролцож ашиг сонирхлын зөрчил гаргасан мэтээр гүтгэн, улайран дайрч байна.
“Драгон холдинг” ХХК-ийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс үүдэн замын түгжрэл нэмэгдэж, гэмт хэрэг зөрчил олноор гарч, хог хаягдал бөөгнөрөн иргэд оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн алба, СХД-ийн иргэд болон зорчигч үйлчлүүлэгчид олон жилийн турш удаа дараа гомдол санал гаргаж байсан билээ.
Үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас байгуулагдсан ажлын хэсэг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн хот хоорондын нийтийн тээвэр эрхлэгчид, зорчигчдын эрх ашиг, тэдний эрэлт хэрэгцээ, авто замын багтаамж хүрэлцээ, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэр төлөвлөлт, зохион байгуулалтад үзүүлэх нөлөө зэргийг харгалзан “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Энэ ажилд ЗТХЯ болон Зам тээврийн хөгжлийн сайд хөндлөнгөөс оролцож, ямарваа нэг тушаал шийдвэр гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Гэтэл Даам.mn болон Мurch.mn зэрэг нэр бүхий мэдээллийн сайтууд амин хувийн ашиг сонирхлоо нийтийн эрх ашгаас илүүд үзсэн увайгүй этгээдүүдийн захиалгаар бодит байдлыг илт гуйвуулсан худал мэдээлэл тарааж Зам Тээврийн Хөгжлийн яам болон Зам Тээврийн Хөгжлийн сайдын нэр хүндэд зориуд санаатай халдаж буй тул асуудлыг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхээ үүгээр мэдэгдэж байна.
Мөн иргэд олон нийт Та бүхнийг нийтийн нийтлэг эрх ашигт илтэд харшилсан энэ мэт худал ташаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж ятгах тусам нягталж, гүтгэх тусам шүүн тунгааж эх сурвалжтай бодит мэдээлэл авч байхыг уриалж байна” гэжээ.
Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ