ЭЦА: Хууль бусаар ашигт малтмал олборлох 13 үйлдлийг илрүүллээ
Уул уурхай, ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байгаагаа Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг өнгөрсөн сард зохион байгуулж, гэмт хэргийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлсэн байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд:
Галуут сумын харьяат Н. Б нар нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар холбогдох бичиг баримтын бүрдлийг хангахгүйгээр сумын Засаг даргатай гэрээ байгуулж, “Далтын овоолго” гэх газарт хууль бусаар газрын хэвлийд халдсан.
Жаргалант сумын нутаг “Мандалын Бөөрөг” гэх газар шүүхийн шийдвэрээр нөхөн сэргээлт хийх байсан ч нэр бүхий компани олборлолтын үйл ажиллагаа явуулсан.
Мөн иргэн Б. Ж нар Жаргалант сумын гуравдугаар багийн нутаг Зүүн салаа гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдаж, техник хэрэгсэл авч явж байсан.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд:
Ерөө сумын Бугант тосгоны Их алт-Буурал гэх газарт иргэн С нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан.
Ерөө сумын Өлөнт гэх газар “У.Х” ХХК нь хууль бусаар ашигт малтмал олборлосон.
Ерөө сумын Бугант тосгоны 35-ын ам гэх газарт иргэн Э, Б нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдсан.
Ерөө сумын гуравдугаар багийн “Дунд өлөнт” гэх газарт иргэн Л, У нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдсан.
Мандал сумын Хэрх багийн “Ноён уул” улсын тусгай хамгаалалтай газарт иргэн Б, Г нар нь гар аргаар ашигт малтмал олборлосон.
Мандал сумын нутаг “Ноён уул” улсын тусгай хамгаалалтай газарт иргэн Г бусадтай бүлэглэн гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлосон.
Сүхбаатар аймгийн хэмжээнд:
Түвшинширээ сумын дөрөвдүгээр багийн нутаг ”Хавцал” гэх газарт иргэн М, Б, Ц нар нь бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор металл хайгч ашиглан газрын хэвлийд халдсан.
Увс аймгийн хэмжээнд:
Увс аймгийн Бөхмөрөн сум хоёрдугаар багийн нутагт “Мөргөц” гэх газарт иргэн Б нь бусадтай бүлэглэн металл илрүүлэгч ашиглан гар аргаар ашигт малтмал олборлосон.
Дорноговь аймгийн хэмжээнд:
Дорноговь аймгийн Өргөн суманд үл таних этгээдүүд хууль бусаар газрын хэвлийд халдсан зэрэг болно.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ
7.5.4-д Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.
24.2 дугаар зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
1.Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.