Гурван настай Ц.Батзаяа хүүг зодсон “Э”-гийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ
Баянгол дүүрэгт гурван настай хүү Ц.Батзаяаг ээжийнх нь хамтран амьдрагч нь зодож хүнд гэмтээсэн хэрэг энэ оны гуравдугаар сарын 6-7-нд гарсан. Тус хэргийн явцын талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.
Цагдаагийн байгууллагаас иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Баянгол дүүргийн Прокурорын газраас энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй “Э”-ийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс есөн жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа юм байна.