ТАНИЛЦ: Дамбадаржаад барьж буй “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”

Монгол Улсын цөлжилтийг бууруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг 14 дэх жилдээ хэрэгжүүлж байна.

Тодруулбал, Монгол, БНСУ 2005 онд шар шороон шуурга, цөлжилтөөс сэргийлэх ойжуулалтын төсөл хэрэгжүүлэх дээд хэмжээний хэлэлцээр хийж, 2006 онд БОАЖЯ болон Солонгосын Ойн агентлаг хамтран ажиллах санамж бичиг байгуулж байжээ. Үүний дүнд БНСУ-ын 11.8 сая ам.долларын хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Булган сумын нутаг дахь Баянзаг болон Төв аймгийн Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 3046 га талбайг ойжуулсан юм.

“Ногоон хэрэм” төсөл 2016 онд дууссан ч хоёр орны Засгийн газраас үргэлжлүүлэх нь зөв хэмээн үзэж, тухайн оны тавдугаар сарын 18-нд Монгол-Солонгос хоёр орны Төрийн дээд хэмжээний зөвшилцөл, долдугаар сарын 17-нд Цөлжилт болон шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Энэ хүрээнд “Ногоон хэрэм” төслийн II шатыг 2017-2022 онд хэрэгжүүлэх болж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд Хотын ой буюу “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг эхлүүлсэн юм. Төслийн эхний шат шар шороон шуургатай тэмцэх байсан бол II шат нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байна. Нийт есөн сая ам.долларын өртөгтэй энэхүү төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн онд 50.8 хувьтай үргэлжилж байсан.

Төслийн хүрээнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, 100 орчим машины зогсоол байгуулахаас гадна 90 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарих юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *