Ховд аймагт 934 сая төгрөгийн өртгөөр хийгдсэн автозам агаарт замхрав
Ховд аймагт төсвийн 934 сая төгрөгийн өртгөөр хийгдсэн засмал зам сар ч болоогүй борооны усанд урсжээ. Ховд аймгийн төв хэсэг болох Номин супермаркетын уулзвараас Ховд нисэх буудал чиглэлийн 5,33 км автозамын шинэчлэлт засварын ажлыг “Ховд АЗЗА” ТӨХК гүйцэтгэн хийсэн байна.
Гүйцэтгэгч компанийн балгийг Ховд Жаргалант ТҮК-ийн ажилчид үйрэлцэж, тавьсан замынх нь шороог цэвэрлэх ажлыг эхлүүлжээ. Үүнийг иргэд шүүмжилж, гүйцэтгэгч компаниар нь цэвэрлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Автозамын засварын ажлын гэрээнд Зам тээврийн хөгжлийн төв, автозамын засвар арчлалтын техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээгээр нийлүүлэгдсэн гадаргуун боловсруулалтын машин “Slurry sealer” техникийг ээлжит засварын ажилд ашиглуулахаар тохиролцжээ.
Тус машины нэг цагийн үнэ нь 480 мянган төгрөг байна гэж заасан байна. Гэвч “Ховд АЗЗА” ТӨХК нь тус технологийг хэрэгжүүлэх туршлага болон тоног төхөөрөмжгүй байсан тул “Зам тээврийн хөгжлийн төв” туслан гүйцэтгэгч нэрээр тус замын ажлыг гардан гүйцэтгэсэн байж болзошгүй байна гэх асуудал яригдаж байгаа юм.