УРИАЛГА: Хүүхэд хамгааллын асуудлаар нээлттэй сонсгол хийе

Хүүхдүүд хичээлээ тараад гэр лүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж амиа алдсан тохиолдол сүүлийн өдрүүдэд хэд хэдэн удаа гарлаа. Мөн гэртээ үлдсэн хүүхдүүд цонх, тагтнаас унаж амиа алдаж, хичээлдээ явах замдаа алга болсон тохиолдлууд ч ар араасаа гарч, олон нийтийн сэтгэл зүй маш хүндхэн өдрүүд өнгөрч байна.

Ээж нь дүүг цэцэрлэгээс нь аваад ирэх хооронд 5-7 насны хоёр охин есөн давхраас унаж амиа алдлаа. Хичээлтэй гээд гарсан 12 настай охин одоог хүртэл сураггүй хэвээр. Охиныг машиндаа суулгаж авч явсан жолооч амийг нь хохироосон гэдгээ мэдэгдсэн хэмээн хэвлэлүүд мэдээлэв. Энэ бүхэн хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулах, хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлагатайг сануулж байна.

 Ийн хүүхэд хамгааллын асуудлаар төрийн бодлогын томоохон шинэчлэл хийх тухайд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд анхаарч ажиллан, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар УИХ дээр ерөнхий хяналтын сонсгол явуулах ажлыг санаачлан зохион байгуулахаар болжээ.

Хүүхэд хамгаалал, тэр дундаа алга болсон хүүхдийг эрж хайх, хүүхдийн гэр, сургуулийн орчин дахь аюулгүй байдлыг улс орнууд маш нарийн хуульчилж, журамласан байдаг аж. Тухайлбал, хүүхдийг гэртээ ганцааранг нь үлдээх насыг улс орнууд хуульчлан, 12-13 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхийг хориглодог түгээмэл жишиг байна.

Алга болсон хүүхдийг эрж хайх тухайд тусгайлсан хуулиудтай АНУ, Канад, БНСУ зэрэг улс байна. Алга болсон хүүхдийг эрж хайх бодлого, зохицуулалт нь маш нарийн бөгөөд хэн мэдээллийг анх өгөх, эрэн сурвалжлах үйл ажиллагааг аль байгууллага хэрхэн хийх, мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад хэрхэн түгээх зэрэг бүхий л процессыг нарийн зохицуулсан байдаг байна.

Ялангуяа хүүхэд алга болсноос хойшхи эхний 24 цаг хамгийн чухал бөгөөд энэ цаг үед аль нэг байгууллага, этгээд алдаа гаргахад хүүхдийг амьд олох найдвар буурдаг тул энэ хугацаанд асран хамгаалагч, цагдаа, үйлчилгээний газрууд, нийтийн тээвэр, төмөр зам гэх мэт байгууллагууд алга болсон хүүхдийн талаар хэрхэн ажиллах тухайд бүх журмыг БНСУ-ын “Алга болсон хүүхдийг хамгаалах, дэмжих тухай” хуульд тодорхой зааж өгчээ.

Тиймээс энэ намрын чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэхэд иймэрхүү нарийн зохицуулалтыг тусгаж, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд оролцох бүхий л талуудын оролцоог сайжруулах тухайд анхаарч ажиллана гэдгээ УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг мэдэгдэв.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *