Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд болсон тул тус байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй.
1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байжээ.
Тэрбээр 2016, 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016-2023 онд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажилласан байна. Одоо Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга бөгөөд орос, англи, герман, кхмер хэлтэй. УИХ-ын гишүүнээр хоёр удаа дараалан сонгогдсон бол Засгийн газрын гишүүнээр гурван удаа ажилласан.
УИХ дахь МАН-ын бүлэг Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж, тус байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн байсныг чуулганы хуралдаанаар баталгаажуулав.