Парист дээрэмдүүлсэн Ерөнхий сайд асны хүү нь Б.Баттүшиг байжээ
Монголын Ерөнхий сайд асны хүү, Монголын олимпын хорооны төлөөлөгч эрэгтэй эхнэрийн хамт өчигдөр буюу пүрэв гарагт Парист дээрэмдүүлсэн хэмээн Францын “Europe 1” сайт мэдээлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Францын Парис хотын “Charles de Gaulle” нисэх онгоцны буудлаас эхнэрийн хамт такси бариад явж байхдаа дээрэмдүүлж 600 мянган еврогийн хохирол амссан тус иргэн нь Сү.Батболдын хүү Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг мөн байжээ.
Энэ тухай түүний эхнэр Н.Цэлмүүн цахим хуудастаа “Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон, миний гэр бүлийн хүн биш шүү. Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна. Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, огт бэлэн мөнгө байгаагүй гэдгийг онцольё” гэж бичжээ.
Скүүтэр унасан хоёр хүн тэдний сууж явсан машины цонхийг хагалан эхнэр Н.Цэлмүүнийх нь үнэт эдлэл бүхий цүнхийг хулгайлан зугтжээ. Тус хоёр этгээдийг Францын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа аж.