Админерал: Манай компани хэн нэг улс төрчтэй огт хамааралгүй
“Админерал” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани. Бид Монголдоо, чандмань эрдэнэ болсон усыг ашиглалгүйгээр, байгальд ээлтэй, Германы дэвшилтэт технологи нэвтрүүлж, хуурай аргаар нүүрс баяжуулах анхны үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Монгол Улс нүүрсээ нэмүү өртөг шингээхгүй шууд түүхийгээр нь зарж борлуулдаг нь эдийн засгийн хувьд хор хохиролтой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж, хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрүүдийг байгуулахаар зорилт тавин ажиллаж байгаа хэмээн бидний зүгээс ойлгож энэхүү хөрөнгө оруулалтыг хийх асуудлыг компанийн түвшинд шийдвэрлэж төслөө эхлүүлсэн.
Гэвч бидний түүхий эд, түүхий нүүрс хямдхан гаргадаг түүхийг өөрчилж, Монголын баялгаа үнэ цэнтэй, үр өгөөжтэй болгоход бодитой хувь нэмрээ оруулах бүтээн байгуулалтыг улс төрийн захиалгаар харлуулан гүтгэж, үндэслэлгүй худал нэвтрүүлэг бэлтгэн тараасаар байгаад харамсан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Хэвлэл мэдээлэл гэхээсээ илүү хувь сэтгүүлчдийн мэдээллээ боловсруулаагүй, талуудын байр суурийг хүргээгүй, эх сурвалжаа нягтлахгүйгээр зөвхөн нэг талын байр суурьтай нэвтрүүлгүүд бэлтгэж олон нийтэд цацсан нь манай компанийг гүтгэж, нэр хүндэд халдаад зогсохгүй цаашдын гаднаас татах хөрөнгө оруулалтуудыг эрсдэлд оруулах аюул учруулж байна. Иймд компанийн нэр хүндийг унагаж, худал ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн нэр бүхий сэтгүүлчдийн оргүй худал гүтгэлэгт хариулт өгье.
- Үйлдвэр барихад нэг ч төгрөг, 1 кг нүүрс аваагүй.
Нүүрс баяжуулах үйлдвэрийг гадаадын хөрөнгө оруулалтаар 100 хувь өөрсдийн хөрөнгөөр бүтээн босгож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас үйлдвэр барихад зориулж 1 төгрөг, 1кг нүүрс аваагүй. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн цахим хуудсанд байршсан нүүрс олборлох, тээвэрлэх, худалдах бүх талын мэдээлэл ил тод байгаатай танилцах боломжтой.
- Зөвхөн үйлдвэрийн зориулалтаар 5 жил ашиглах гэрээтэй.
“Админерал” ХХК нь зөвхөн нүүрс баяжуулах үйлдвэр байрлах газрыг зохих журмын дагуу авч, 5 жилийн хугацаатай ашиглах гэрээ байгуулсан. Үүнийг бас л мушгин гуйвуулж “Бортээг”-ийн орд газрыг ашиглахаар 30 жилийн гэрээ хийсэн мэтээр илтэд худал мэдээлэл түгээлээ. Өөрийнхөө хөрөнгөөр Герман технологийн үйлдвэр бариад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 3 жилд нийт 8 сая тонн нүүрс баяжуулж өгөөд гэрээ дуусгавар болно.
- “Донгшенг Петролиум”, “Сино-Монголиан эйтс интеллижент” гэх компаниудаас ямарч мөнгө шилжиж байгаагүй.
“Админерал” бол гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн хамтарсан компани. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу мөнгөний зарцуулалт нь ил тод, нээлттэй байдаг. “Кью зоу лонгюэйн трэйдинг”, “Руйшен глобал групп” компаниуд нь “Админерал” ХХК-ийн хөрөнгө оруулагчид гэдэг нь угаасаа ил тод, нээлттэй мэдээлэл. Орж ирсэн санхүүжилт нь ажилчдын цалин, ажлын байрны түрээс, гадаад ажилчдын Засгийн газарт төлөх төлбөр, татвар, НДШ болон бүтээн байгуулалтын ажил зэрэгт зарцуулагддаг. Харин гүтгэлэгт нэвтрүүлэгт нэр дурдагдсан “Донгшенг Петролиум”, “Сино-Монголиан эйтс интеллижент” гэх компаниудтай хамтран ажиллах нь бүү хэл нэр, хаягийг нь ч мэдэхгүй, ганц мэйл явуулж бас авч үзээгүй, хэзээ ч хамтарч ажиллаж, харилцаж, холбогдсон удаа байхгүй.
- Тендерт хэн ямар үндэслэлээр шалгарсан бэ?
“Бортээг”-ийн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах тендерт МТАС түншлэл хууль журмын дагуу шалгарсан. Түншлэлийн толгой компаниудын туршлага, орлого зэрэг үзүүлэлтүүд нь сонгон шалгаруулалтын журамд заасан бүх шаардлагыг бүрэн хангасан. “Админерал” ХХК энэ түншлэлийн нэг л гишүүн, зөвхөн баяжуулах үйлдвэр хариуцаж байгаа туслан гүйцэтгэгч. Өмнө нь хоёр удаа тендер зарлагдсан боловч оролцогч хүсэлт, материал ирүүлээгүй, мөн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлүүдээр цуцлагдаж байсан гэдэг мэдээлэл нь www.tender.gov.mn вэб сайтад нийтлэгдсэн байна. Тендер гурав дахь удаагаа зарлагдахад “Админерал” ХХК нь дөрвөн компанийн түншлэлийн нэг болж оролцсон бөгөөд МТАС түншлэлээс өөр компани тендерт оролцоогүй. “Админерал” ХХК нь ямар нэгэн байдлаар нүүрс олборлодоггүй, хөрс хуулдаггүй. Нүүрсийг баяжуулаад буцааж өгнө, үүнийхээ төлбөрийг л авах гэрээтэй. Өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй.
- Ажиллаж эхлээгүй үйлдвэр асар их ашиг олох боломжгүй.
“Админерал” ХХК-ийн барьж байгаа үйлдвэр ашиглалтад ороогүй, өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн ашиг олоогүй боловч Монгол Улсад 5 тэрбум гаруй төгрөгийн татвар шимтгэл төлөөд байна. Туслан гүйцэтгэгч компаниудад 10 орчим тэрбум төгрөгийн орлого оруулаад байна. Баригдаж дуусаагүй, ажиллаж эхлээгүй, ашиглалтад ороогүй үйлдвэр асар их ашиг олсон гэдэг нь худал хуурмаг зүйл болно.
- “Админерал” компани ХЭН НЭГ УЛСТӨРЧТЭЙ огт хамааралгүй.
“Админерал” ХХК-ийн Монгол талын захирлын дүү улс төрийн намд ажилладаг гээд манай бүтээн байгуулалтыг нэр бүхий улстөрчтэй хамаарал бүхий гэж шууд гүтгэж, улстөржүүлж байгаад харамсаж байна. Энэ худал гүтгэлгээс болж, цаашдын бидний гаднаас татах хөрөнгө оруулалтуудад эрсдэл үүсэж, хохирох аюул учирч байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай компани, бизнес эрхлэгчид чөлөөт ардчилсан нийгэмд эрх нь зөрчигдөж, золиос болж хохирох ёсгүй. Бид Монгол Улсын хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй, ямар нэгэн давуу байдал эдлээгүй, улс төрчдийн нөлөөн дор үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Хилийн цаахна талд ӨМӨЗО-ны Баяннуур аймагт 30 гаруй үйлдвэр Монголын нүүрсийг түүхийгээр нь хямдхан авч баяжуулан ашиг олж байна. Эсрэгээрээ эрчим хүч, газрын тос зэрэг олон салбарт Монголчууд өөрсдөө хийж бүтээх, нэмүү өртөг бий болгож, Монголчуудыг ажлын байраар хангаж, гадаадад бий болдог ашгийг эх орондоо үлдээх нь Монгол хүн бүрийн зорилго, төр засгийн бодлого байх учиртай. Харамсалтай нь энэхүү зорилгыг бусниулан зогсоох нь эх оронч бус, эх орны эсрэг хорлонт үйлдэл мөн.
Монголдоо нүүрс баяжуулан үр өгөөжийг нь өсгөн нэмэх зорилгод саад учруулах тархи угаалт явуулж, эдийн засгийн бие даасан байдал, гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх бүлэглэсэн үйлдэлд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулахыг хүсье.
Бидний гаргасан зам мөрөөр эх орондоо нүүрс баяжуулах олон үйлдвэр бүтээн байгуулж чадвал Монголын баялаг, Монголын нүүрсэнд өртөг нэмж, илүү олон хүн ажлын байртай, цалин орлоготой болж, улс, орон нутагт төлөх татвар шимтгэл өснө. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцэд зориулах хөрөнгө мөнгө нэмэгдэнэ. Монгол орон улс төржин хэрэлдэж биш үйлдвэр бүтээн байгуулж, үүц баялгаа өөрсдөө боловсруулдаг болж байж хөгжинө.
Иймд нэр бүхий сэтгүүлчид гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж байгаадаа дүгнэлт хийж, нэн дариу залруулга хийхийг хүсэж байна. Эс бөгөөс “Админерал” ХХК-ийн зүгээс хуулийн байгууллагад хандан ажил хэргийн болон бизнесийн нэр төрөө сэргээлгэх, хууль ёсны эрх ашгаа хамгаалах, худал мэдээллээс үүдэн гарсан хохирлоо нэхэмжлэх болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
“АДМИНЕРАЛ” ХХК
Улаанбаатар хот, 2023.10.19-ний өдөр