ХНХЯ: Хөдөөд ажлын байр бий болговол 820 орчим мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
ХНХЯ-аас эх орондоо болон гадаадад сурч, ажиллаж буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 2023.10.28-нд МҮХАҮТ-д “Залуучуудын карьер экспо” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд Ажил олгогчийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Тодруулбал, ажил олгогч байгууллагууд, ажил олоход хүндрэлтэй иргэд тэр дундаа залуучуудыг ажлын байраар хангавал тухайн цалин хөлсөнд нь мөнгөн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг туршилтын байдлаар хэрэгжүүлэх аж.
Нийт 5000 гаруй залуучуудыг уг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд ажил олгогчид цалин хөлсийг бүтээмж дагаж өндөр тогтоохтой холбоотой дэмжлэг байхаар төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хөдөө орон нутагт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд иргэдийг ажлын байраар хангавал сар болгон цалин дээр нь 820 орчим мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
Эдийн засгийн тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн тухайд 770 мянган төгрөгийг тав хүртэлх сарын хугацаанд олгож ажилтнуудаа тогтвортой байлгахад нь дэмжлэг үзүүлэх юм байна.