“Ногоон автобусны луйвар” Х.Баттулга, С.Баярцогт нараас эхэлсэн гэв үү?
Аль улсаас хэрхэн оруулж ирсэн нь мэдэгдэхгүй хуучин автобусыг будаж засч сэлбээд шинэ хэмээн бидэнд итгүүлчихсэн нэг “айхтар” хэрэг саяхан ил болсон. Хуучин “хог”-нийхоо нэг ширхэгийг нь 400 саяар үнэлээд түүнийгээ төртэйгээ, хувийн хэвшилтэйгээ хуваагаад идчихсэн байж л дээ. Тэгээд үүнийг товчхондоо “ногоон автобусны луйвар” хэмээн нэрлэчихсэн.
Энэ луйвартай холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар огцорч ээлжит “жүжиг”-ээ толилуулснаас өөр дорвитой арга хэмжээ авсан зүйл үгүй. Үйлдвэрлэгч рүү нь хуучин автобусыг нь буцаах гэтэл үйлдвэрлэгч байсангүй л гэнэ. Тэгэхээр энэ тэндээс хэдэн сэлбэг авчраад Монголдоо угсраад “алдарт ногоон”-уудыг бидэнд “шахчихсан” юм бишүү дээ.
Нийтийн тээвэр болоод орон нутгийн тээвэртээ монопольд тооцогддог “Тэнүүн-Огоо” компани Солонгосын “Дэүбас” компанитай хамтран хуучин автобуснуудыг шинэ хэмээн үйлчилгээнд явуулсныг тогтоон Монгол талаас дөрвөн хүн, Солонгос талаас хоёр хүнийг цагдан хорьж мөрдөн шалгаж байгаа. Энэ мэдээллийн дараа хувийн хэвшлийн нэг компани л ногоон автобусны луйврыг эхлүүлжээ хэмээн олон нийт бодож байв.
Гэтэл автобусаар халхалсан энэ луйврын сүлжээ тэртээ 2009 оноос эхэлжээ. Ингэхдээ өчнөөн авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдож, дэлхий дахинаа “цоллуулж” байсан Сангийн сайд асан С.Баярцогт, мөн л “цэвэр” хүн биш хэмээн “адлуулсан” Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар ногоон автобусны луйврыг эхлүүлсэн гэдгийг Хотын шинэ дарга Х.Нямбаатар өнөөдөр зарлалаа. Тэрбээр нийтийн тээврийн салбарын худалдан авалттай холбоотой хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэв.
Х.Баттулга сайд байхдаа 400 автобус худалдаж авах гэрээг хийжээ
Нэгдүгээрт, 2009 оноос хойш нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 10 удаагийн худалдан авалт хийжээ. Эдгээр худалдан авалтыг бүгд шууд гэрээгээр хийсэн буюу нээлттэй тендерийн сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Тухайлбал, 2009 онд 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан. Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга 2008 оны арванхоёрдугаар сарын 20-нд БНСУ-ын “Daewoo Global” корпорацтай худалдааны гэрээ байгуулж, 400 автобусыг 25 сая 161 мянган ам.доллароор худалдаж авахаар тусгажээ. Ийн улсын төсвийн 31.7 тэрбум төгрөгөөр 400 автобусыг худалдаж авсан боловч улс, нийслэлийн өмчид бүртгэлгүйгээр 10 аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Мөн долларын ханшийн зөрүү гэх шалтгаанаар 3.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардал төсвөөс гарчээ.
Тухайн үед Зам тээврийн сайдаар Х.Баттулга, Сангийн сайдаар С.Баярцогт, Хотын даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байжээ. Нийт 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шууд аж ахуйн нэгж байгууллагуудад нэр дээр өгсөн байгаа юм.
Үүнээс үүдэн улсын төсөвт дээрх хэмжээний хохирол бодитоор учраад байна. Энэ хугацаанд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас уг хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр удаа дараа шүүхийн байгууллагад хандсан боловч тухайн автобуснуудыг анх авахдаа улсын төсвийн хөрөнгөөр бүртгээд, аж ахуйн нэгжүүдийн нэр дээр шилжүүлсэн учир Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүрчээ.
Хотын бүх дарга, Х.Баттулга, С.Баярцогт нарыг АТГ-т шалгуулна
2015 оноос хойш 560 автобусаар парк шинэчлэл хийсэн ч эдгээр автобусны дийлэнх нь гэрээгээр хүлээсэн хугацаандаа нийтийн тээврийн үйлчилгээнд явалгүйгээр актлагдсан байна.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Үе үеийн Засаг дарга нар, 2009 оны үеийн Зам тээврийн яам, Сангийн яам эдгээр автобусыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэлгүйгээр шууд гэрээний аргаар авсан асуудлыг АТГ-т шалгуулна. Арваннэгдүгээр сарын 23-нд шинээр оруулж ирэх 700 автобусны тендерийг нээнэ. Цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй автобус компаниудад өгөхгүй. Нийтийн тээврийн салбарт бугшсан төр, хувийн хэвшлийн бүлэглэл байгааг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна” гэж ярилаа.
Жил бүр 300 орчим тэрбум төгрөгийг автобус компаниудад татаас хэлбэрээр олгодог байна.Ингэхдээ гүйцэтгэл дээр огт үндэслэдэггүй буюу хэдэн хүнд хэрхэн үйлчилсэнд нь огт анхаарал хандуулдаггүй аж.
Тухайлбал, “Эрдэм транс” ХХК “Daewoo”, “Hyundai” автобуснуудыг оруулж ирэхдээ оныг нь өөрчилжээ. Тус компани 2013 онд үйлдвэрлэсэн автобусыг 2015, 2016 онд үйлдвэрлэсэн болгож засаж оруулж ирсэн байна. Тиймээс он засдаг асуудлыг шалгаж, буруутай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэдгээ Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Х.Нямбаатарын мэдэгдэлтэй зэрэгцэн сөрөг хүчин Ардчилсан намын ногоон автобусны Ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл хийв. Энэ үеэр Ажлын хэсгийн дарга Ц.Уянга “Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай зуузай холбоод хамтарсан хулгайгаа хийгээд явж байсан Засгийн газар нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар юм. Хулгай хийсэн хүн нь Х.Баттулга гэж ярьж байгаа юм бол хамт очоод шалгуулчих” гэж ярилаа.
Ийн ногоон автобусны хэрэг дан ганц будаг засч янзалсан “жижиг зүйл” биш, хэдэн үе дамжсан бүлэг луйвар гэдгийг ил зарлачихлаа. Бас нэг том хэрэг мандах нь энэ.
Энэ бол шал худлаа