“COVID-19” халдварын үед авах арга хэмжээг өөрчилжээ
Өнөөдрөөс “COVID-19” халдварын үеийн тандалт, хариу арга хэмжээний баг өөр зохион байгуулалтаар ажиллаж эхлэхээр болжээ.
Энэ тухай ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр “Иргэдээс хавьтал болсон учир шинжилгээ өгнө гэсэн гомдол их ирж байна. Эмнэлгийн байгууллагын ачаалал их, халдвар хаа сайгүй тархаж, нөхцөл байдал хүндэрсэн үед хүн бүрээс PCR шинжилгээ авах боломжгүй. Тус шинжилгээ нь хугацаа их шаарддаг. Тухайлбал, таван хүний сорьцыг нийлүүлж шинжлээд сөрөг гарвал бүгд сөрөг, эерэг гарвал аль сорьц нь эерэг вэ гэдгийг задалж судална. Гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан эсэхийг нь ажиглаад шинж тэмдэг илэрсэн бол түргэвчилсэн оношилгоог авч байгаа. Өөрөөр хэлбэл, хүн бүхнээс PCR шинжилгээ авах боломжгүй. Шаардлагагүй хүмүүс сайн дураараа шинжилгээ өгч ачаалал нэмэх хэрэггүй. Энэ нь халдвартай хүмүүсийн шинжилгээг удаахад нөлөөлж байна. Батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлаас шинжилгээ авч байгаа” гэв.
Түүнчлэн тэрбээр, шинжилгээгээр батлагдсан хөнгөн тохиолдлыг гэрт нь үлдээж байгаа. Гэтэл гэр бүлийнхэн нь хамт байгаа учир хэсэг хугацааны дараа халдвар авах нь тодорхой. Тухайн батлагдсан хөнгөн хүн тодорхой хугацааны дараа хүндрэх эрсдэл гарч байгаа тул хоёр ажил хийх шаардлагагүй болж байна. Тиймээс хүндрэх магадлалтай хүмүүсийг эмнэлэгт хүргэж тусламж үзүүлэх тактикаар ажиллах байр суурьтай байгааг хэлсэн юм.