С.Баярцогт: Xулгайгаа нуухын тулд намайг автобустай холбож байна
Хотын дарга Х.Нямбаатар автобусны хулгайн асуудлыг АТГ–т шалгуулах болсон тухай мэдээлж өмнөх худалдан авалтуудыг АН эрх барьж байх үедээ шууд гэрээ байгуулж улсыг хохироосон тухай мэдээлсэн юм.
Уг мэдээлэлд тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан, одоо АН–ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт хариу тайлбар хийлээ. Тэрээр “2008 оны 11 сарын 5–нд Засгийн газар хуралдаж нийслэлийн нийтийн тээврийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд парк шинэчлэлд шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны төсөвт суулгахыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарт даалгасан. Энэ өдрийн 63-р тэмдэглэлд 400 ширхэг автобусыг богино хугацаанд худалдан авах хязгаарлагдмал тендер зарлахыг Х.Баттулга сайдад даалгасан.
Тухайн үед яамд өөрөө захиалагч бол тэндээ тендерийн хороо байгуулан худалдан авалт хийдэг байсан. Хуулиараа 3 тэрбумаас дээш үнийн дүнтэй ажил үйлчилгээ хийвэл Сангийн яамаар хянуулж, зөвшөөрөл авдаг байсан. Энэ журмаар явсан ажлыг олон арван баримт дундаас сугалж гаргаж ирэн олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл гаргаж байгаа учир тайлбар хийхээс аргагүй боллоо. Тэд өөрсдийн хийсэн хулгайгаа нуухын тулд 15 жилийн өмнө хуулийн дагуу явсан асуудлыг гаргаж ирж байна” гэв.