“Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс хамгаалах нь” эсээ бичлэгийн уралдааны ЯЛАГЧИД тодорлоо

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, энэ хэргийн уршгийг хүүхдүүдэд таниулах, тэдэнд энэ гэмт хэргээс хэрхэн өөрсдийгөө хамгаалах арга замуудыг заах зорилгоор эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулсан юм.

Уралдаанд хот хөдөөгийн олон хүүхэд бүтээлээ ирүүлэв. Уралдааныг 6-9-р анги, 10-12-р анги гэсэн хоёр ангилалд явуулсан юм. Шүүгчээр “Мэддэг мэдээлдэг байя” аныг зохион байгуулсан, gogo.mn сайтын сэтгүүлчид, аяны зөвлөхүүд ажиллалаа. Уралдаанд байр эзэлсэн сурагчдаа танилцуулъя.

6-9-Р АНГИЙН АНГИЛАЛД

I байрт Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ өнөөдөр сургуулийн 8а ангийн сурагч О.Тэнүүнжаргал
II байрт Нийслэлийн СХД-ийн Хөгжил цогцолбор сургуулийн 9И ангийн сурагч Н.Тулга
III байрт Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 44-р сургуулийн 9Б ангийн сурагч Д.Ангараг-Оюу




  • 10-12-Р АНГИЙН АНГИЛАЛД       

I байрт Нийслэлийн БЗД-ийн 84-р сургууль 12Ё ангийн сурагч Б.Тэлмэн
II байрт Нийслэлийн ерөнхий Боловсролын 9-р сургуулийн 12г ангийн сурагч Т.Номин
III байрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори 1-р сургуулийн 11В ангийн сурагч М.Тэгшжаргал тус тус шалгарлаа.


Уралдаанд оролцож, шалгарсан сурагчдын сэтгэгдлээс хуваалцъя.

О.Тэнүүнжаргал, Би энэ гэмт хэргийн талаар өмнө нь сайн мэддэггүй байсан. Эсээгээ бичихээр судалгаа хийж үзэхэд, манай найзууд дунд хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд байсан гэдгийг мэдсэн. Тийм учраас цаашдаа ийм гэмт хэргийн тохиолдлууд гарахгүй байгаасай гэдэг үүднээс ямар арга хэмжээ авбал зүгээр вэ гэдэг талаас нь судалж бичсэн. Гол төлөв хүүхдүүд хохирогч болж байгаа учраас эцэг эхчүүд илүү анхаарал тавиасай гэж хэлмээр байна.
Н.Тулга, Сүүлийн үед ийм төрлийн гэмт хэрэг их гарсан учраас энэ уралдаанд оролцохоор шийдсэн. Би эсээгээ бичихэд гурван өдөр зарцуулсан. Манай үеийнхэн энэ талаар ямар нэг байдлаар сонсож байсан ч гэсэн илүү нарийн зүйлүүдийг тэр бүр мэддэггүй.

Д.Ангараг-Оюу, Өмнө нь мэтгэлцээний тэмцээнд оролцоод энэ төрлийн гэмт хэргийн талаар олон талын мэдлэгтэй болсон. Үүн дээрээ үндэслээд ямар мэдээлэл хүмүүст өгвөл гэмт хэргийн тохиолдлууд буурах вэ гэдэг талаас нь бодож эсээгээ бичсэн. Мөн эсээгээ бичихэд “Мэддэг, мэдээлдэг байя” аяны контентууд тусалсан.

Б.Тэлмэн, Би эсээгээ бичихэд 3-4 өдөр зарцуулсан. Судалгаа хийж байхдаа хүн худалдаалах гэмт хэрэг зөвхөн Монголд гэлтгүй дэлхий дахинд үйлдэгдэж буй гэмт хэрэг гэдгийг мэдэж авсан. Энэ гэмт хэргийн хохирогчид нь түлхүү хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Тэр тусмаа хүүхдүүдийн гэнэн занг ашиглаж, уруу татах замаар үйлддэг юм байна.
Т.Номин, Эсээгээ бичихэд тодорхой хэмжээнд судалгаа хийж өмнө нь мэддэггүй байсан зүйлсээ олж мэдсэн. Би эсээндээ түлхүү хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах талаар тусгаж бичсэн. Хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд аль болох тавихгүй байхыг зөвлөе.
Манай улсад сүүлийн гурван жилд 49 хүүхэд энэ гэмт хэргийн хохирогч болжээ. Гэмт хэрэгтнүүд тэднийг бэлгийн эсвэл хөдөлмөрийн мөлжлөгт ашиг олох зорилгоор өртүүлсэн байна. Мөн монгол иргэдийг хилийн чанад руу авч яван хохирогч болгодог байсан бол одоо дотоодод ч энэ хэргийг үйлдэж байна. Голдуу залуу эмэгтэйчүүд хохирогчоор бүртгэгдсэн байсан энэ төрлийн хэрэгт бага насны хүүхдүүд ч өртөх (хамгийн бага нь 13 настай) болов.

Хохирогчийн нас залуужсаны сацуу гэмт хэрэгтнүүд арга барилаа өөрчлөн, хүүхдүүдийн гэнэн цайлган занг ашиглаж, хууран мэхлэх аргыг түлхүү хэрэглэх болжээ. Иймд энэ гэмт хэргийн уршгийг хүүхдүүд, эцэг эхчүүд, асран хамгаалагчид, шийдвэр гаргагчдад таниулах зорилгоор “Мэддэг мэдээлдэг байя” аяныг зохион байгуулав. Аянаар иргэдэд хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцуулж, энэ хэргийн талаар мэддэг, холбогдох байгууллагуудад сэжигтэй тохиолдол бүрийг мэдээлдэг байхыг уриалж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *