Даван туулагчийн түүхээс…
Уран нугараач болох гэж бүхнээ золиосолсон ч угаагч хийж анхны цалингаа авсан.
Уран нугаралт яг л спорт шиг хэдэн жилийн хөдөлмөр, бэлтгэл ордог төрөл. Тэр тусмаа циркийн ертөнцөд уран нугараачид ихээхэн эрэлттэй байдаг нь олон хүнийг багаасаа уг төрлөөр хичээллэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл юм. Уран нугараач болохоор шийдсэн охид 4-5 наснаас эхлэн бэлтгэгдэж, 10 орчим наснаас үзүүлбэрээ толилуулдаг.
Гадаадын орнуудаас монгол уран нугараачдад ажлын санал их ирдэг. Тэдний зарим нь хөдөлмөрийн гэрээ байгуулдаг бол зарим нь гэрээ гэдэг зүйлийн талаар ямар ч ойлголтгүй харийн орныг зорих нь элбэг. Эх орон, гэр бүлээсээ хол мөн хэлний мэдлэггүйн улмаас хөдөлмөрийн мөлжлөг, бусад гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд хэнд, хаашаа хандахаа тэд мэддэггүй.
Энэ мэтчилэн соёлын салбар дахь хөдөлмөрийн мөлжлөгт олон охин өртөж, хүсэл мөрөөдлөө битгий үгүй хийгээсэй гэдэг утгаар уг гэмт хэргийн хохирогч болсон ч зоригтойгоор даван туулсан нэгэн бүсгүйн түүхийг хүргэе.
Туул хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хүндхэн замыг туулсан ч даван туулж, дуртай зүйлээ ор тас орхилгүй одоо иогийн багшаар ажиллаж байна. Өөртэй нь адил хүсэл мөрөөдөлтэй олон хүнд чаддаг зүйлээ заах нь түүний амьдралыг илүү гэгээлэг болгож байгаа гэв. Тэрбээр бусдад заасныхаа хариуд өөрөө ч үргэлж шинэ зүйлсэд суралцаж байдгаа бахархалтайгаар хэлсэн юм.
Туул багаасаа уран нугаралтаар хичээллэж, ирээдүйгээ нугараачаар л төсөөлдөг байв. Ямар мэргэжилтэй болох вэ гэх асуултад итгэл төгс “гадаадын циркэд уран нугарна” хэмээн хариулах түүний ирээдүй даанч төсөөлсөн шиг нь байсангүй. Түүнд сургуульдаа ч явж, бэлтгэлээ ч хийх нь бие махбодь болоод сэтгэл зүйн хувьд маш ачаалалтай байсан аж. Нэгэнт ирээдүйгээ зурсан тэрбээр уран нугаралтын ноён оргилд хүрэхийн тулд бүхнээ золиослохоор шийдэж, сургуулиа хаяв.
Олон жил шаргуу хөдөлмөрлөсний дүнд түүнд нэгэн боломж нээгдсэн нь Европын өндөр хөгжилтэй оронд уран нугарах байсан юм.
1990-ээд оны үед Монголоос гадаад руу бүлэг уран нугараачдыг зуучлахаар болж, Туул тэдний нэгд багтаж чадсан. Түүний тайлбарласнаар зуучлагч хүмүүс өндөр цалин амлаж, аав ээжтэй нь гэрээ байгуулсан гэнэ. Охин нь тэр их мөнгийг олно гэдэг олон жил дугуйлангийн төлбөр, бас бус зүйлсэд мөнгө гаргаж байсан эцэг эхэд нэмэр болох нь ойлгомжтой. Мөн гэрээ байгуулсан тул эцэг эхэд нь тодорхой хэмжээний мөнгө өгсөн аж.
Ингээд Туул олон жилийн хөдөлмөр, үнэ цэнтэй зүйлсээ золиосонд гаргасан нь одоо л үр шимээ өгөх нь гэсэн хүлээлттэй алсыг зорьжээ. Нэгэнт л ажил мэргэжлээ болгосон тэдний хувьд хийсэн хөдөлмөрийнхөө төлөө зохих хөлсөө авах ёстой. Гэсэн хэдий ч очсон цагаас нь хойш Туулд цалинг нь нэг ч олгоогүй бөгөөд гадагшаа гарах, гэр рүүгээ буцахыг хүртэл хориглодог байсан гэв. Тэр байтугай шөнийн цагаар хүртэл амрах цагаас нь хомсолж, албадан ажиллуулдаг. Заримдаа хувь хүмүүсийн дуудлагаар, ажлын бус орчинд хүртэл үзүүлбэр үзүүлдэг байсан гэх.
Туул нас бага байсан тул гурван жилийн турш хүсээгүй нөхцөлдөө хөдөлмөр эрхэлж, нэг ч хөлс аваагүйнхээ эсрэг үг дуугарч байсан удаагүй. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг, гэмт хэргийн нэг төрөл гэдгийг ч мэдээгүй. Алдартай болохын тулд ийм зүйлийг туулах ёстой л юм байна гэж бодсон. Тухайн үед одоогийнх шиг цаг тутам хүссэн газраасаа холбоо тогтоох бараг л боломжгүй байсан учир эцэг эх нь түүний нөхцлийг мэдээгүй. Хааяа нэг зуучлагч эгч нь холбогдож “Туул сайн байгаа” гэхээс цаашгүй. Тэд охиноо найдвартай газар ажиллаж, их мөнгө хурааж ирнэ гэсэн л хүлээлттэй байв. Эцэст нь Туул энэ бол байж болохгүй зүйл гэдгийг ойлгож, тэндээс зугтахаар шийдсэн юм.
Уран нугараачаар олон жил хичээллэж, гаднын өндөр хөгжилтэй оронд нугарах боломжтой болсондоо өндөр хүлээлт тавьж явсан Туул анхны цалингаа угаагч хийж олжээ. Туул ямар ч л байсан гэртээ харих ёстой, илүү сайхан нөхцөлд хүссэн ажлаа хийж чадна гэх бодол тээсээр янз бүрийн цагийн ажил хийж, мөнгөө цуглуулсны эцэст эх орондоо эргэн ирж чадсан аж. “Олон авьяаслаг уран нугараачаас онцолж чамайг л сонголоо” хэмээн найрсаг инээмсэглэх эмэгтэй үнэндээ хамгийн нас бага буюу эрхээ мэддэггүй, том хүний урдаас ам зөрж, чанга дуугарч ч үзээгүй түүнийг хаа холын Швейцар руу сонгон авч авсан нь тодорхой болжээ. Европт олон жил амьдарсан тэр эмэгтэй нутаг нэгтнээ хүний газар аваачаад л хөсөр хаясныг нь бодохоор гомдмоор. Тэрбээр балчир бага байсан хэмээн өөрийгөө өмөөрч, аав ээж нь яагаад хөндлөнгийн хүнд итгээд, өгөөд явуулсан юм бол доо гэж харуусан бодно.
Харамсалтай нь хилийн чанадад ажиллахаар очоод хохирсон уран нугараач Туул ганцаараа биш.
Бүгд найрамдах Турк улс руу монгол иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Энэ эрхийг нээснээс хойш олон монгол иргэд ажил хийхээр тус улсыг зорих болсон юм. Тэдний дунд насанд хүрээгүй, уран нугараач охид ч бий.
2010 он орчимд Турк улс руу гэрээт уран нугараачаар ажиллахаар явсан өөр нэг охин мөн л адил зүйлийг даван туулсан. Тэрбээр 80 сая хүн амтай, хөл хөдөлгөөн ихтэй Туркт очоод удалгүй гэрийнхнээсээ холбоо тасарч, сураггүй болсон аж. Иймд гэрийнхэн нь охиныг авчрахаар тус улс руу очиж, цагдаа, хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг ажилладаг ТББ-уудтай хамтран ажиллаж, азаар охиноо олжээ.
Дээрх үйл явдлууд 20 жилийн зайтай ч ямар нэг байдлаар уран нугараачдыг хохироох, хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болгох хэргүүд гарсаар байсныг харуулж байна. Одоо ч уг салбараас гадны орнуудыг зорьж буй уран бүтээлчдэд ийм зүйлс тохиолдож байж болзошгүй.
Соёл, урлагийн салбарын уран бүтээлчид, тэр тусмаа уран нугараачид гадаадын алдартай циркүүдэд ажиллах нь элбэг. Харин уран нугараачдын гадагшаа явж ажиллах гэрээг хянаж, зохион байгуулах эрх мэдэл бүхий байгууллага манай улсад байхгүй. Улсын циркийг хувьчилснас хойш үйл ажиллагаа нь таг зогссон. Иймд голдуу хувь хүмүүс зуучлан, охидыг гадагш явуулж байна. Зарим зуучлагч хувь хүмүүс Монголд амьдардаг гадаад иргэнийг гадаадын циркийн ажилтны дүрд хувирган хуурамч гэрээ үйлдэж, охидыг авч явсан тохиолдлууд ч бий.
Манай улсын Соёлын яам дахь Урлаг уран бүтээлийн газарт цирк хариуцсан ажилтан гэж байдаг. Гэхдээ хувийн уран бүтээлч гэж харьяалагддаг тул нийт хэдэн уран нугараач ажилладаг, үүнээс гаднын улс руу гэрээгээр явсан хэд орчим уран бүтээлч байгаа зэрэг тоо баримт нэгдсэн журмаар байдаггүй.
Иймд хилээр гарч хөдөлмөрлөх гэж буй бол ажлын гэрээ заавал байгуулах шаардлагатайг зөвлөж байна. Ингэхдээ тус гэрээнд ажиллах нөхцөл, хугацааг тодорхой заасан, даатгалд хамруулах эсэх, аюулгүй байдлын ажиллагаа, аяллын зардал мөн уран бүтээлчийн эрхийг хэрхэн хамгаалах зэрэг хүчин зүйлс тусгагдсан эсэхийг зайлшгүй шалгаж, хөдөлмөрийн мөлжлөгт өртөхөөс сэргийлээрэй. Мөн зуучлагчийн байгууллага, танихгүй хүнээр дамжуулан гадагш ажиллахаар явах гэж байгаа бол дахин дахин нягталж шалгахыг хүсье.