С.Бямбацогт: Дорнод, Хэнтий аймгийн дунд байдаг “Тамын 50” замыг засна
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2023.12.12/ хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Тэрбээр “Өвөрхангай аймагт жишиг логистикийн төв байгуулахаар төлөвлөсөн байсан. Энэ нь эдийн засгийн үр ашиг муутай, үүнийг хувийн хэвшил хийж хэрэгжүүлэх бололцоотой гэсэн гишүүдийн байр суурьтай сайд нар санал нэгдэн тэр үйл ажиллагааг хассан. Түүний оронд Дорнод, Хэнтий аймгийн дунд байдаг “Тамын 50” гэж нэрлэгдсэн, хамгийн их эвдэрсэн 50 км замыг сайжруулахаар тусгасан. Зам, гүүрнүүдийн өртөг зардлын тооцоог нарийвчилж гаргасан” гэв.