УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр гаргалаа
УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн хурал зохион байгуулж, өнөөдөр хэлэлцсэн асуудлаа танилцууллаа.
Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр өглөө хуралдсан. МАН-ын бүлэг УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр гаргалаа.УИХ-д суудалтай улс төрийн намууд бүсчилсэн сонгуулийн тойрог ямар байх, хэдэн мандаттай байх асуудлаар өнөөдрөөс уулзаж, зөвшилцөн саналуудаа тохиролцоно. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт багтаан шийднэ” гэсэн мэдээллийг өглөө.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
- Парламентад суудалгүй намуудтай уулзаж, сонгуулийн тойргийн асуудлаар санал солилцож байгаа. Зарим нь дэмжиж байгаа бол зарим нь дэмжихгүй ч асуудал бий.
- Бүсчилсэн тойрог гарахаар бүс нутгийн төлөөллийн асуудал яригдана. Аймаг гэдэг төлөөлөл яригдахгүй болов уу. Мэдээж аймгийн төлөөлөл нь сонгогчдын асуудал байх.
- Сонгуулийн тойрог, мандатыг УИХ-д суудалтай намууд гаргахаар шийдвэрийн төслийг бэлтгэж байгаа. Монгол Улс төвийн, хангайн, баруун, зүүн, хангайн гэсэн таван бүстэй. Зарим бүс 400-500 мянган сонгогчтой болоод байгаа юм. Эдгээр бүсийг дотор нь буюу төвийн бүс хоёр, хангайн бүс хоёр, баруун бүс хоёр, зүүн бүс нэг гээд долоо орчим тойрог болох болов уу гэж төсөөлж байна. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, Засаг захиргааны нэгжийг харгалзан үзнэ. Сонгуулийн тойрог тогтоох асуудлыг Лхагва гарагт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн.
- Улс орны хөгжилд хэрэгтэй сонгуулийн шийдвэрийг сонгож байгаа юм. Интернэт, онлайн хүрээнд ямар ч сурталчилгаа явуулах эрх бүрэн бий. Заавал сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгогчидтойгоо ямар нэг хэлбэрээр харилцах боломж бүрэн байгаа.
- Хуулиараа УБЕГ-аас сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймаг, сум, дүүргээр гаргаж гуравдугаар сарын 1-нээс өмнө нийтэд ил тавих ёстой.