“Тавантолгой Түлш” ХХК ТУЗ-ийн гишүүддээ 1.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас “Тавантолгой түлш” ХХК-д олгосон санхүүжилтийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа.
Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Тавантолгой Түлш ХХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар эзэмшдэг. Энэ оны аравдугаар сарын байдлаар 2700 ажилтантай юм.
Тавантолгой Түлш ХХК нь 2023 оны гуравдугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна. Нийт өр төлбөрийн 96 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлжээ. Мөн тус компани нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангадаг бөгөөд нэгж түлшийг алдагдалтай өртгөөр борлуулдаг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 гэрээний үндсэн дээр нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг Тавантолгой Түлш ХХК-д олгожээ.
“Тавантолгой Түлш” ХХК нь төлөвлөгөөнд тусгаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу, харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь компани алдагдалтай ажиллахад голлох нөлөөллийг үзүүлсэн хэмээн дүгнэж байна.
Мөн тус компанийн ТУЗ-ийн цалин урамшууллын зардалд 1.1 тэрбум төгрөгийг гаргасан байна хэмээн ярив.