Торгуулиа 15 хоногт төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмж төлөх заалт ирэх оноос хэрэгжинэ
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нарын хариуцлагыг чангатгах зорилготой холбогдох хуулийн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөх тухайХууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн.
Тэрбээр өмнө нь өөрийн цахим хаягтаа “Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, тэгээд торгуулиа төлдөггүй нөхдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах заалтууд Зөрчлийн хуульд орсон.
- Торгуулиа хуульд заасан 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.
- Төлөхгүй бол тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
- Бүр төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх замаар төлүүлнэ.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50-аас дээш удаагийн үйлдэлтэй 3,000 гаруй жолоочийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрсэн” гэж бичиж байв.
Мөн түүнээс дээрх хуулийн зохицуулалтын талаар дэлгэрүүлж лавлахад “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол заавал хариуцлага хүлээдэг байх зохицуулалттай болж байгаа. Уулзварт улаан гэрлээр нэвтрэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, эрхгүй мөртлөө жолоо барих зэрэг зөрчил гаргаж торгуулчхаад түүнийгээ төлөхгүй байгаа нь зөрчил дахин дахин давтагдах нөхцөл болоод байна. Энэ нь нэг талаар түгжрэлд ч нөлөөлдөг. Иймээс торгуулийг 15 хоногийн хугацаанд төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмнэ. Тэгээд ч төлөхгүй бол хөдөлгөөнд орох эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэж торгуулийг төлүүлнэ. Торгуулиа төлөөгүй хүн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг солих боломжгүй болсон. Мөн жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах, сунгах, ангилал нэмэх боломжгүй болно. Харин 15 хоногийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөрүүлэхээр заасан байгаа” гэсэн юм.
Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасан, 400 нэгжээр торгох эсхүл 7-30 хоног баривчлах оногдуулахаар болжээ. Харин хоёр дахь удаагаа ийм үйлдэл гаргавал Эрүүгийн хуулиар шийтгэгдэх юм байна.