Төр, хувийн хэвшлийн шинэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Хөгжлийн Банкны зээлийн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр”Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хууль эрх зүйн өөрчлөлт хийж, шинэ хууль болон хуучин хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөөг УИХ-аар батлуулсан байдаг.Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас цоо шинээр бэлтгэж, УИХ-аар батлуулсан. Төр, хувийн хэвшлийн шинэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.Хууль үйлчилж эхлэхтэй холбогдуулж Засгийн газраас бэлтгэл ажил хангаж 11 журам батлуулах ёстой.Үүнээс Эдийн Засаг, Хөгжлийн Яам есөн журмыг хариуцаж батлуулсан. Өнөөдөр Сангийн Яамнаас үлдсэн хоёр журмыг Засгийн газарт танилцуулж, ийнхүү батлууллаа. Ингэснээр томоохон эдийн засгийн харилцаа үүсэж байгаа.Хувийн хэвшлүүдэд боломж гарч, том зах зээл бий болж буй. Дээрх хуулийг амжилттай хэрэгжүүлснээр төсвийн ачааллыг буруулах боломж гарч байна” гэлээ.