Ж.Ганбаатар: Нийлүүлэлт нэмэгдсэн учир дизель түлшний хомсдол буурна, үнэ өсөхгүй
Дизель түлшний нийлүүлэлтийн талаар УУХҮЯ-наас мэдээлэл өглөө.
Сайд Ж.Ганбаатар “Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 93 мянган тонн байдаг байсан. Энэ сүүлийн гурван сарын хугацаанд 120,000 тонн болж нэмэгдсэн нь уул уурхайн экспортын өсөлтөөс шалтгаалсан.Албан ёсны мэдээгээр манай улсын экспорт 68 сая тоннд хүрсэнээс түлшний хэрэглээ нэмэгдэж буйг харж болно.Энэ сард ОХУ-ын Роснефть компаниас 72,000 тонн, бусад компаниас 40,000 тонн, БНХАУ-аас 31,500 тонн гээд нийт 133,500 тонн дизель түлш захиалсан.Өнөөдрийн байдлаар үүнээс 115,921 тонн дизель түлш манай улсад ирсэн байна. БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээс ачигдсан 14,580 тонн буюу нийт хэрэглээнээс 25,000 тонноор илүү дизель түлш энэ сард ирэхээр байгаа.Дизель түлшний үнэ өсөхгүй. ОХУ-аас дизель түлшийг 855 ам.доллароор нийлүүлж байсан бол ирэх сараас 805 ам.доллароор нийлүүлэхээр болсон байна.БНХАУ-аас Евро-5 шатахууныг 1080 ам.доллароор нийлүүлж байсан бол 1030 ам.доллароор өгөх үнийн санал өгсөн. 2024 оны нэгдүгээр сард 36,600 тонн дизель түлшийг БНХАУ-аас импортолно. Дизель түлшний хомсдол багасна” хэмээн ярилаа.