Хуулийн хулгай, системийн авлигатай тэмцсэн гурван жил
-55.3 хувь буюу 1.8 их наядын зээл чанаргүй зээлтэй
-15 хүн л голлох үүрэгтэй буюу тэдний тойрон хүрээлэгч нар зээл авсан
-Арилжааны банкнаас санхүүжих боломжтой байсан 13 төсөлд 34.4 тэрбумын зээл олгосон
-Зээлийн хугацаа сунжирч, удаа дараа гэрээнд өөрчлөлт оруулсан
-Эргэн төлөлт огт хийгээгүй есөн компани байсныг илчилж байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнтэй тууштай тэмцсэний үр дүнд,
-2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1.6 их наядын зээлийн эргэн төлөлт хийгдсэн
-Чанаргүй зээлийн хувь нь 55.3-аас эрс буурч 51.3 хувьд хүрсэн
-Дампуурах шахаж байсан банк эргэн сэргэж, өнөөдрийг хүртэл 1.1 тэрбумын гадаад өрийг хугацаанд нь амжилттай төлсөн.
-“Кью Эс Си” тэргүүтэй 14 зээлдэгч зээлээ бүрэн төлсөн амжилт үзүүлэв. Төр намайг яаж ч чадахгүй хэмээн төрийн мөнгөөр казинодож байсан хулгайч нарыг өнгөрсөн хугацаанд Төрийн ордонд дуудаж ирээд ард түмний нүдэн дээр үнэнийг нь хэлүүлж чадлаа. “Монгол хүн бүхэн баялагтаа эзэн нь байх ёстой. Байгалийн баялгаасаа хувь хүртэх ёстой” гэсэн уриа лоозон өнгөрсөн 30 жил бидний мөрөөдөл байсаар иржээ.
Улстөрч болгоны амны уншлага, улс төрийн намын уриа лоозон болсон энэ мөрөөдлийг ойртуулсан хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ба түүний багийнхан. 30 жилийн тэн хагаст нь улсаа цөлмөж, уурхай ухаж баяжсан бүлэглэлтэй хийсэн том тулааны нэг нь нүүрсний бүлэглэлийг илчилсэн хэрэг явдал байлаа.
Тавантолгойн бүлэг орд ашиглалтад орсон цагаас эхлэн хулгайлж байсан нүүрсний бүлэглэлийг баримттай, цаг хугацаатай нь илчилснээрээ ард түмнийхээ өмнө том гавьяа байгуулсан юм. Нүүрсний луйвар, хулгайн хэрэгт холбогдуулан улс төрийн нөлөө бүхий 15 хүнийг шалгаж эхэлсний дотор намынх нь цөөнгүй гишүүд байлаа.
Төрийн ордонд найман өдөр үргэлжилсэн нүүрсний хяналтын сонсголоор хулгайд алдагдсан нүүрс тэндээс олсон мөнгө бүрийн мөрийг, замыг ил болгож, хулгайн мөнгө мөр үлдээдэг гэдгийг нотлон харуулав. Газар нутгаа гадны иргэдэд худалдсан олон зуун баримтыг та бид хамтдаа үзлээ, уншлаа, нүдээр харлаа. “Авлигатай тэмцэнэ гэдэг бол намынхаа нөхөдтэй ч тэмцэнэ гэсэн үг.
Гэхдээ би энэ тэмцлээс ухрахгүй” гэсэн үгэндээ Ерөнхий сайд эргэлт буцалтгүй хүрч өөрийг нь огцруулах гэсэн бүлэглэлийн захиалгатай, өнгөт хувьсгалд уриалсан мөнгөтэй, хөрөнгөтэй жагсаал цуглааныг ч үл ажран хулгайн бүлэглэлийг илчилж, зарим нь эхнээсээ шүүхийн хаалга татаж, ял сонсчээ. Ард түмний дэмжлэг надад байгаа цагт би авлигачидтай хийх тэмцлээ зогсоохгүй гэсэн үгэндээ хүрч чадаж байна, тэр. “Эрдэнэс Тавантолгой”, “жижиг” Тавантолгойд Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш ам.долларын ханш тогтворжиж, орлого ч нэмэгджээ. Хил дээр хэдэн зуугаараа гацаж байсан нүүрсний тээвэрлэлт хэвийн болж, “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний тээвэрлэлтээрээ түүхэн дээд амжилтаа ар араас нь баталсаар байгааг хараад одоо л нэг баялагтаа эзэн суух нь ээ хэмээн ард түмэн залбирч суугаа билээ.
Нүүрсний хулгайч нарыг Тавантолгойгоос зайлуулснаас хойш:
-С зөвшөөрлийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ил тод болгов
-Төмөр замын тээвэртэй холбоотой авлигыг илчилж, нэг ажилтны гэрээс гэхэд л 7.6 тэрбумын авлигын мөнгө хурааж авсан
-Тавантолгой, төмөр зам барих төрийн нууцын зэрэглэлд байсан есөн гэрээг ил болголоо
-Нэг өдөрт хамгийн ихдээ 1028 тээврийн хэрэгслээр 100.8 тонн нүүрс ачуулдаг болсон
-11.3 их наядын орлого олсноос гурван их наяд нь цэвэр ашиг болж, улсад 2.7 их наядын татвар төлсөн нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Нийт 32.8 сая тонн нүүрс борлуулж, Монгол Улсын гадаад валютын нөөцийг 1.6 тэрбум ам.доллароор зузаалж чадсан амжилтыг үзүүлэв, тэд. Тун удахгүй иргэн бүр 1072 хувьцаанаасаа ногдол ашиг хүртэх боломжийг Засгийн газар бүрдүүлснээ мэдэгдсэн гээд монгол хүн баялагтаа эзэн нь байх боломжийг Л.Оюун-Эрдэний Засгийн газар бүрдүүлж өглөө. Монголын заяа бүдрээгүйг, монголчууд бүлэглэлийн өмнө сөхрөөгүйг, Монголын эдийн засагт гэрэл гэгээ тусаж эхэлснийг шинэ 30 жилийг тунхагласан, алсын хараагаа тодорхойлсон залуу Ерөнхий сайдын баг харуулж өглөө.
УИХ нь авлигачдыг хамгаалж үлдэхгүй гэдгээ мэдэгдсэнээс хойш авлигын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүдийг УИХ-ын гишүүнээс чөлөөлснөөр төр авлигачдаа хамгаалж үлддэггүй шинэ жишгийг тогтоож өглөө. Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны хүрээнд яам, агентлагт хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 10 гэхэд бүгдийг нь чөлөөлж дуусав.
Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулав. Төрийн өндөр албан тушаалтны хүүхэд төрд ажиллахгүй байх хуулийн төслийг батлууллаа. Улс төрийн дарамт шахалт, үл ойлголцол байхгүй болж, бүх талаар ойлголцолд хүрч чадсан учраас ийнхүү зорьсон зорилгоо биелүүлж, 30 жилийн системийн авлига, 30 гэр бүлийг тойрсон бүлэглэлтэй зоригтой тэмцэж чадлаа. Ирэх 30 жилд илүү сайхан амьдрах боломжийг эрч хүч, эв нэгдлээр бий болгоосой хэмээн залбирч сууцгаая.