Хөвсгөл, Орхон, Булган аймгийг хамтад нь хөгжүүлж, аялал жуулчлалын бүс болгоно
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, өвлийн эдийн засгийн чуулганыг энэ хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаж байна. “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”-ийг угтан 21 аймаг хөгжлийн бүс тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулж эхлээд байна. Өнөөдөр Хойд бүсийнхэн эдийн засгийн хөгжлийн бодлогоо хэлэлцэв. Тус бүсэд Хөвсгөл, Орхон, Булган аймаг багтаж байгаа бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 9.1 хувь буюу 305 мянга гаруй хүн амьдарч байна.
“Хойд бүсийн хөгжлийн төв” -өөс Бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжил, Улс төр, засаг захиргаа, Түүх, нийгэм соёл, үйлдвэрлэл, үйлчилгээний байршил, төрөлжилт, Орон зайн бүтэц, зохион байгуулалт зэрэг шалгуурт тулгуурлан бүс нутгийн хөгжлийг төлөвлөн хэрэгжүүлэх саналыг боловсруулсан байна. Хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх дөрвөн чиглэлийг хүнд аж үйлдвэрийн цогцолбор, хөдөө аж ахуйд суурилсан хөнгөн аж үйлдвэрийн цогцолбор, аялал жуулчлал, боомт, худалдааны сүлжээ байхаар тодорхойлжээ.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн нөөц боломжид суурилан Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын механикжуулалт, технологижих нөхцөлийг хангах дэд бүтцийг хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг нэмэгдүүлэх, эко аялал жуулчлалын бүс нутаг болох боломжтой гэж үзсэн байна.
Бүсийн хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар оролцогчид санал солилцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Цаашид бүс дотроо аль сум, орон нутаг нь нийгэм, эдийн засгийн төв болж чадах вэ гэдгийг нэгдүгээрт гаргах хэрэгтэй. Мөн ямар үйлдвэрлэлүүд барих вэ. Үүнийг дагасан дэд бүтэц яригдах ёстой. Хойд бүс газар тариалан, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ тал руугаа хөгжих боломжтой харагдаж байна” гэв.
Харин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр “Хөвсгөл аймаг аялал жуулчлалдаа тулгуурлаад хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, Булган аймаг хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэлийн орчин бий болгох боломжтой. Харин Эрдэнэт хот аялал жуулчлалын болоод эдийн засгийн цогц бүс нутаг болох боломж Хойд бүсэд бий” гэсэн юм.
Статистик мэдээллээр Хойд бүсийн ДНБ-ний хэмжээ 4.9 их наяд төгрөг бөгөөд үүнээс Орхон аймаг 69.1 хувь буюу 3.3 их наяд, Хөвсгөл аймаг 19.6 хувь буюу 951.5 тэрбум төгрөг, Булган аймаг 11.3 хувь буюу 549.8 их наяд төгрөг байна. Орхон аймгийн ДНБ-ний 89.0 хувь нь үйлвэрлэлийн салбараас, Хөвсгөл аймгийн ДНБ-ний 57.3 хувь нь ХАА салбар, Булган аймгийн ДНБ-ний 65.2 хувь нь мөн л ХАА салбараас бүрдэж байна. Мөн бүсийн сүүлийн 10 жилийн ДНБ-ий өсөлтийн дундаж хурд 11.8 хувь байна.
Хойд бүс нь цэвэр усны нөөцийг хамгаалах тогтолцоотой, олон талт эдийн засаг, дэд бүтэц сайн, бүх төрлийн тээвэрлэлт, дамжин өнгөрүүлэх багтаамжтай, нийгмийн, соёлын цогцолбор сайтай, байгалийн зохистой нөөцөд суурилсан санхүүгийн хөрөнгийн урсгалыг татах чадвар өндөртэй зэрэг олон давуу талтай. Үүний зэрэгцээ хүн амзүйн бодлого алдагдсан, ахуйн шинжтэй болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй шилжин явах үзэгдэл ихэссэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул, байгалийн хүчин зүйлийн нөлөөнд автах эрсдэл өндөр зэрэг сөрөг үзүүлэлт ч байгаа аж.
Тиймээс цаашид Хөвсгөл, Орхон, Булган аймгийг нэгтгэн бүс нутгийн нөөц, эдийн засгийн чадавхыг нийтлэг эрх ашгийн төлөө оновчтой хуваарилж, хүн амын шилжилт хөдөлгөөний эерэг болон сөрөг үр дагаврыг тооцон хөгжлийн зөв бодлогыг тодорхойлоход “Хойд бүсийн хөгжлийн төв” анхааран ажиллана гэв. Энэ талаар тус төвийн төв ТУЗ-ийн гишүүн Б.Ядамжав “Хөдөө орон нутаг сонгуулийн долоон тойрогт хуваагдаж байна. Улс төрийн бүсчлэл, эдийн засгийн бүсчлэл, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалт хамт явах ёстой” хэмээн ярилаа.