Л.Оюун-Эрдэнэ хэмээх үзэгдэл
Олны дуулианаар гэнэт суудлаасаа буусан Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхээс Засгийн газрын тэргүүний үүргийг шууд хүлээн авсан Л.Оюун-Эрдэнийн танхим гурван жил тогтвортой ажилласан гэдгээрээ сүүлийн 10 жилийн улс төрд шинэ түүх бичиж байна.
1990 оноос хойш Засгийн газраа дунджаар 1.5 жил ажиллуулаад огцруулж ирсэн 76-уудын балгаар Монгол төрийн бодлогын залгамж халаа гэдэг зүйл үндсэндээ алдагдаж, хөгжлийн маш том саад тушаа болж ирсэн улс төрд энэ удаагийн Засгийн газар шинэ жишиг тогтоож, засаг төр тогтвортой байхын эерэг сайн талыг бид харж байгаатай маргах хүн үгүй биз.
Үнэндээ бол анх түүнийг Ерөнхий сайд болоход нь нас, туршлагаар нь чамлаж, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нутгийн “дүү” гэдгээр нь “утсан хүүхэлдэй” гэж харж байсан хүн олон байв. Харин өнөөдөр эргээд харахад алдаатай, оноотой ч тэрбээр том зургаараа Монгол Улсын ирээдүйд маш өргөн замыг татуулж, олон идээ бээрээс нь салгах эхлэлийг тавьсан гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх биз ээ. Ялангуяа, намаас дамжсан олон жилийн хулгай, нийгмийн боломжийг булаасан “ах” нартайгаа зоригтой тэмцэж, төрийн дээрмийг таслан зогсоохоор хийж байгаа түүний шийдэмгий үйл ажиллагааг үгүйсгэх аргагүй.
Хөгжлийн банкны дээрэм
КОВИД-19-ийн халдвар эд дэгдэж байсан 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдын үүрэгт ажлаа авсан тэрбээр цар тахлын ард гармагцаа бодлогын хувьд эдийн засгийн реформыг эхлүүлсэн билээ. Тэр дотор улс төрийн хамааралтай том хулгайнууд байсны эхлэл нь Хөгжлийн банк байв.
2012 оноос эхлэлтэй Хөгжлийн банкны зээл нэртэй луйврыг олон нийтэд нээлттэй зарласнаар тэрбээр өөртөө олон дайсан бэлдсэн нь лавтай байх. Гэхдээ үүний үр дүнд УИХ-ын чуулганы танхимд хүртэл үүрлэж, нүүрэндээ “баг” зүүсэн дээрэмчдийн үнэн төрх ил болж, эхнээсээ ял авч байна. Хамгийн чухал нь иргэдийн боломжийг шүүрсэн этгээдүүдээр хохирлыг эргэн төлүүлж, эдийн засгийн агуулгаараа зээлжих зэрэглэлээ ахиулан, гадаад зах зээлд эерэг салхи сэвэлзүүлж чадав.
Нүүрсний хулгай
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Хөгжлийн банканд тэсэлсэн галаас ч том бөмбөгийг “Эрдэнэс Тавантолгой”-д дэлбэлсэн. Монголчуудад байгалиас заяасан, нийт иргэдэд хамаатай байгалийн баялагт Төрийн өмч нэрээр эзэн сууж, баруун солгойгүй хулгайлж, хувьдаа завшиж, хууль бусаар хөрөнгөжиж ирсэн маш том дээрмийг мөн олон нийтэд ил болгож, улс төрийн “томчууд”-тай тэмцэлдэж байна.
Монгол Улсын төсвөөс давсан хэмжээний мөнгө алдагдсан энэ байдлыг тогтолцоогоор засах ажлыг энэ удаагийн Засгийн газар бодитой хийснээр түүхий эдийнхээ багахан хэсгийг ч болов нээлттэй арилжиж эхэлсэн.
Авлига
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын дараа реформын бодлогоо танилцуулахдаа Авлигыг онцолж, шүүрэн авсан юм. Өөрийн нам, УИХ болон төрийн албанд үүрэлсэн авлигатай хатуу тэмцэхээ зарлаж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт тооцох хариуцлага, ялын бодлогыг чангатгасан.
Үүнд дээрх хоёр том хэргээс гадна Боловсролын зээлийн сан багтаж буй. 5Ш гэх ажиллагааг танилцуулснаар өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод эх орноосоо зугтсан экс “томчууд”-аас гаднын орноос хүртэл авчирснаас гадна хөрөнгө оруулагчдыг хохироогоод хөлжсөн этгээдүүдэд нөхөн хариуцлага тооцох алхмыг мөн л манлайлсан.
Сэргэлт
Тэрбээр зарлаж байсанчлан эдийн засгийн сэргэлтийн бодлого өдгөө үр дүнгээ үзүүлж эхэлж байна. Монгол Улсын экспотр, төсөв, гадаад худалдаа, валютын нөөц гээд гол үзүүлэлтүүд түүхэн дээд түвшиндээ хүрлээ. Энэ үзүүлэлтэд боомтын сэргэлт, хөдөөгийн сэргэлт гээд түүний Засгийн газрын манлайлсан олон хөтөлбөр хамаатай. Манай улсыг зорих жуулчдын тоо цар тахлын өмнөх рекордоо эвдэж, хаа хаанаа сэргэлт ажиглагдаж байгаа нь бодитой байна.
Английн алдарт Financial Times Монголын талаар томоохон нийтлэл гаргасан. Уг нийтлэлд “Л.Оюун-Эрдэнэ барууны уул уурхайн салбарт эх орноо найдвартай хөрөнгө оруулах газар хэмээн танилцуулахын тулд Үндсэн хууль, шүүхийн шинэчлэл, хууль бус хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, баялгийн салбарыг зохицуулах бодлого, зохицуулалтыг шинэчлэх “цэвэрлэгээ хийх” ажилд шаламгайлан оржээ.
Л.Оюун-Эрдэнэ бол ийм алсын хараатай Монголын анхны удирдагч биш юм. Хамгийн гол нь “Тэр үүнийг хэрэгжүүлж чадах уу?” гэдэг асуулт хариултаа хүлээж байна” хэмээн онцолжээ.
Financial Times-ийн онцолсончлон илүү бодитой үр дүн гарахыг иргэд бид хүлээн ажиглаж байна. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон томчууддаа үнэхээр бодитоор, ижил тэгшээр хариуцлага тооцож чадах нь уу, эсвэл өнгөн хэсэгтээ тэмцсэн харагдаад дуусах уу гэдгийг иргэд үнэлэх болно.
Ямар ч байсан Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдын хувьд шинэ үзэгдэл болж чадсан. Олон талаар манлайлал үзүүлж, удаан хугацаанд бүгшиж ирсэн асуудлуудыг өөрчлөхөөр шударга сонголт хийж байгаа гэж дүгнэж болно. Гол нь үүнийгээ нотолж, жинхэнэ үндэс суурьт нь реформ хийж, төрийн оролцоог эдийн засаг, бизнесийн салбарт хумьж, жинхэнэ ил тод, нээлттэй болгож чадах эсэхийг харах үлдэж байна.