Ирэх онд шатахууны хангамжийг нэмэгдүүлэх асуудлаар ОХУ-тай тохиролцоонд хүрчээ
Шатахууны асуудлаар УУХҮЯ, хувийн хэвшлийн төлөөллийн хамтарсан ажлын хэсэг 2023.12.16-19-ний өдрүүдэд ОХУ-д ажиллаж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ
Монгол Улсын газрын тос импортлогч ААН-үүд, төрийн байгууллагын төлөөллүүд улирал тутам ОХУ-д нийлүүлэгч компаниуд болон холбогдох төрийн байгууллагуудтай уулзалт хийдэг. Энэ улирлын уулзалтаар 2 талаас газрын тосны бүтээгдэхүүний хангамж, тээвэр, бусад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцдэг ба энэ удаагийн уулзалтаар 2024 оны 1, 2, 3 дугаар саруудад тус бүр ДТ 140,000 тонн, АИ-92 90,000 тонн автобензинийг худалдан авахаар захиалгаа баталгаажууллаа
Уулзалтад ОХУ-ын талаас Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссын хуралдааны Орос хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Александрович Козлов, Эрчим хүчний Дэд сайд Сорокин, Оросын төмөр замын хөдөлгөөн, тээвэр хариуцсан орлогч дарга Шило нар болон нийлүүлэгч ААН-үүд болох Роснефть, Газпром, Нефтхимсервис, Русинвест, Фортеинвест компанийн төлөөлөл нар оролцож, нийлүүлэгч компаниудын сард үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний тоо хэмжээн дээр тулгуурлан ОХУ-ын талаас хүссэн хэмжээг нийлүүлж, хоёр талын худалдаа хийж буй ААН-үүд гэрээгээ хийж тоо хэмжээг баталгаажуулсны дараа тээвэрлэлтийн графикийг гаргаж тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдлээ.
Манай улсын хувьд сар бүр 110,000 тонн ДТ, 55,000 тонн АИ-92 автобензинийг хэрэглэдэг ба үүний 95 хувийг ОХУ-аас /ОХУ-ын нийлүүлэлтийн 70 орчим хувийг Роснефт компаниас 30 хувийг ОХУ-ны бусад үйлдвэрлэгчид, трэйдэр компаниудаар дамжуулан/ худалдан авдаг.
Роснефть компанийн хувьд 2024 оны эхний улирлын байдлаар сар тутам 70,000тн дизель түлш, 50,000тн АИ-92 автобензин нийлүүлэхээ мэдэгдсэн. Тиймээс бусад хэрэгцээгээ бид ОХУ-ын Газпром, Нефтхимсервис, Русинвест, Фортеинвест зэрэг нийлүүлэгчдээс авах шаардлагатай болох юм.
Нэмэлт мэдээлэл:
Өнөөдрийн байдлаар Роснефтийн Пурнефт, Красноленинск, Нежневартовск зэрэг үйлдвэрүүд мөн Нефтхимсервис компаниудаас ачигдсан манай улс луу чиглэсэн нийт 844 вагон цистерн ОХУ-ын төмөр зам дээр явж байна.
Дорнод сибирийн төмөр замын ачаалал их байгаа боловч тус 844 вагон цистернийг ямарваа нэгэн саадгүй түргэн шуурхай тээвэрлэнэ гэдгээ Оросын төмөр замын хөдөлгөөн, тээвэр хариуцсан орлогч дарга ноён Шило мэдэгдсэн.
Монгол Улсад буюу Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх төмөр зам дээр нийт 254 вагонцистерн байна. Эдгээр вагонцистернийг яаралтай буулгах ажил хийгдэж байна.
Зохицуулагч байгууллагуудын зүгээс УБ хотод үүссэн оочер дарааллыг шийдвэрлэх, аймаг сумдуудын өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор ШТС-д хүргэхээс бусад зорилгоор агуулахаас бөөнөөр ачих, УБ хотоос гаргахыг түр хугацаанд хориглож, тодорхой хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүний үр дүнд ДТ-ний хувьд Евро5 ангиллын түлш УБ хотод хангамж сайжирсан.
Харин өнөөдрөөс эхлэн зөвхөн 50-аас дээш тонны тээврийн хэрэгслээр ДТ-ийг орон нутаг руу тээвэрлэхээр болж байна.
50тн-оос дээш гэдэг шаардлага тавьсан учир нь бусад жижиг цистерн УБ хот дахь хангамжийг хариуцах ёстой.
АИ-92-ын хувьд ойрын 2-3 хоногтоо УБ хотод бууж, тараалт хийгдэх хэмжээний бензин ирж байна. Үүнийг яаралтай ШТС-уудад тараах, агуулахаас шуурхай ачуулахад хяналт тавих ажлыг яам, агентлагын хэмжээнд зохион байгуулсан, албаны хүмүүс компаниудын агуулах, ШТС-үүдэд тогтмол ажиллаж хянал тавихаар хуваарь гаргасан.
Жич: /манайх шиг оочер дараалал үүссэн асуудал дундад Азийн зарим уулсуудад адилхан байна. тухайлбал, Үзбекстан гэх мэт/
ОХУ-ын Роснефть компанитай байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалтыг хэвийн үргэлжлүүлж байсан боловч ОХУ-ын Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1537 дугаар тогтоол гарч, түлш, шатахууны экспортыг түр хугацаанд хориглох болсны улмаас Монгол Улс руу ачигдах газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт түр зогссон.
Хориг эхэлсэн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 21 хоногийн турш нэг ч импорт хийгдээгүй бөгөөд энэ үеийг өмнөх саруудад бүрдүүлсэн нөөцөөрөө амжилттай давсан.
ОХУ-ын Засгийн газар манай улсыг тус хоригоос гаргахдаа “Роснефть”, “НефтеХимСервис”, “Газпром” зэрэг томоохон нийлүүлэгчдийг чөлөөлж, 30 орчим хувийг нийлүүлдэг байсан жижиг трейдер компаниудыг хоригт хэвээр үлдээсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс трейдер компаниудын хоригийг зөвхөн Аи-92 автобензин дээр чөлөөлсөн тухайгаа мэдэгдсэн. Дизель түлш дээр трейдер компаниудын хориг хэвээр үргэлжилж байна.