ТАНИЛЦ: “Apple” компанийн шинэ бүтээгдэхүүнүүд
“Apple” компани шинэ бүтээгдэхүүн танилцуулах “Spring Loaded” арга хэмжээ зохион байгуулж, шинэ загварын “iMac”, 5G сүлжээ болон бусад шинэ технологиор сайжруулсан “iPad Pro”, төхөөрөмжийн байршил тогтоох зүүлт “AirTag”, сайжруулсан “Apple TV” төхөөрөмж зэргийг танилцууллаа. Мөн “iOS 14.5” системийг дараа долоо хоногт танилцуулахаа мэдээлэв.
ШИНЭ ЗАГВАРЫН “iMac”
Шинэ загварын “iMac” нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа дахин загварчилсан хувилбар болсноос гадна “Intel”-ийн хагас дамжуулагчийн оронд өөрсдийн загварчилсан хагас дамжуулагчийг ашиглажээ. Шинэ “iMac” өмнөх загваруудаасаа илүү нимгэн болсон бөгөөд долоон өнгийн сонголттой гарах аж. Үнэ нь 1299 ам.доллароос эхэлж байгаа бол “Intel”-ийн чиптэй өмнөх загвар нь 1099 ам.доллар байсан юм.
“M1” ЧИПТЭЙ “iPad Pro”
“iPad Pro”-ийн хувьд 2018 онд гаргаж байсан хувилбартай төстэй харагдацтай ч өмнөх “A12Z” чипийн оронд илүү хурдан “M1” чипийг ашигласан байна. Мөн 5G сүлжээнд холбогдох боломжтой, дэлгэц, камер зэрэг үзүүлэлтийг сайжруулжээ. 12 мегапикселийн камер нь видео дуудлагад оролцогчдын хөдөлгөөнийг дагадаг болсон аж. Үнийн хувьд 11 инчийн загвар нь 799 ам.доллар, харин 12.9 инчийн “MiniLED” дэлгэцтэй загвар нь 1099 ам.доллароос эхэлж байна.
БАЙРШИЛ ТОГТООГЧ “AirTag”
“Apple” компани цүнх, хэтэвч, түлхүүр зэргийн байршил тогтоох “AirTag” зүүлтийн зах зээлд “Tile”, “Samsung Electronics” зэрэг компанитай өрсөлдөхөөр болж байна. Энэхүү зүүлтийг нэгийг нь 29 ам.доллар, дөрвөн ширхэгтэй багцаар 99 ам.доллароор худалдаална. Энэ төхөөрөмж нь шинэчилсэн “Find My” аппликейшнтэй хослон ажиллах юм.
“A12 Bionic” ЧИПТЭЙ “Apple TV”
“Apple TV” төхөөрөмж нь илүү хурдан процессортой, мөн шинэ алсын удирдлагатай болсон байна. Өмнөх загварын “A1”0 чипийг шинэчилж, “A12 Bionic” чип ашиглажээ. Энэхүү бүтээгдэхүүн дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн 179 ам.доллароор худалдаалагдана.
“iPhone 12” ШИНЭ ӨНГӨ
Өнгөрсөн онд зах зээлд гаргасан “iPhone 12”, “iPhone 12 mini” загваруудаа “Apple” компани энэ удаа хөх ягаан өнгөтэй гаргахаар болжээ.
ЭХ СУРВАЛЖ: cnbc.com