Зэвсэгт хүчин сайн үйлсийн аяны хүрээнд
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний дунд өрнүүлсэн малчдад туслах “Бид хамтдаа” сайн үйлсийн аяны хүрээнд хуримтлуулсан мөнгөн хандив, тусламжийн барааг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх цуглааны ажиллагааг өнөөдөр (2024.03.01) ЗХЖШ-ын жагсаалын талбайд зохион байгуулав.
Энэхүү цуглааны ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга хошууч генерал Г.Ариунбуян болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нар, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм. Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн “Бид хамтдаа, Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяны хүрээнд цугласан 203,9 сая төгрөг, 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд материалын зүйлийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх арга хэмжээг ийнхүү зохион байгуулж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үзүүлж буй энэхүү хандив, тусламж цас зудын хүнд нөхцөл байдалд байгаа олон малчин айл өрхөд хүрч сэтгэлийн дэм, итгэлийн гал болно хэмээн итгэж байна” гэдгийг онцоллоо. Мөн Онцгой байдлын Ерөнхий газрын дарга хошууч генерал Г.Ариунбуян “Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн үндсэн үүргээсээ гадна иргэдэд учирсан гамшгийн хор уршгийг арилгахад, нэн ялангуяа, үер, зудны хүнд үед иргэд, малчдадаа байнгын дэм, тусламж үзүүлсээр ирсэнд баярлалаа.
Энэ жилийн хаваржилд хүндэрсэн аймаг, орон нутагт гүйцэтгэж буй ажлын гол нурууг Зэвсэгт хүчин үүрч байгаа” гэдгийг онцлов. Тэрээр цааш нь энэхүү мөнгөн хандив, тусламжийн барааг Улсын онцгой комисст хүлээлгэн өгч байгаа Зэвсэгт хүчний удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийлж, Улсын онцгой комиссын даргын батламж, талархлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад гардуулав. Энд тодотгоход, 2023 оны 11 дүгээр сард нутгийн зарим хэсгээр ихээхэн хэмжээний цас орж, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан өнгөрсөн 3 сарын хугацаанд Зэвсэгт хүчний 15 нэгтгэл, ангиас 84 цэргийн алба хаагч, туулц сайтай 32 нэгж техниктэйгээр 14 аймгийн 1056 малчин айл өрхөд 468 тн өвс, 246 тн тэжээлийг хүргэж, 220 айлыг нүүлгэхэд дэмжлэг үзүүлсний зэрэгцээ нийт 12,551 км зам даваа гүвээг нээж, зам гаргах, хээр хөдөө төөрсөн иргэд, цасанд боогдсон тээвэрчид, ард, иргэдэд тусламж үзүүлсэн. Монгол Улсын Засгийн газар 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гаргаж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан 2 дугаар сарын 19-ний өдрөөс Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 185 цэргийн алба хаагч 85 нэгж техниктэйгээр 17 аймгийн 64 сумын 2136 малчин өрхөд 1703 тн, өвс, тэжээлийг хүргэн, 46 айлыг нүүлгэн шилжүүлж, цасанд суусан 76 нэгж техникийг татан гаргасан ба 16.026 км замыг гарган, 20 гаруй даваа гүвээг нээж иргэдэд дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн Улсын онцгой комиссын 3 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 2 дугаар сарын 27-ны өдрөөс Зэвсэгт хүчний 11 нэгтгэл, ангиас 214 цэргийн алба хаагч, ажилтныг 21 нэгж техниктэйгээр хүч нэмэгдүүлэн гаргаж хаваржилт хүнд байгаа Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт хаваржиж байгаа цөөн ам бүлтэй малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, цасанд дарагдсан гэр, хашаа, эд хөрөнгийг цаснаас гаргах, цасыг нь цэвэрлэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж эхлээд байгаа юм. Зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд, нийт 27 ангийн 400 гаруй цэргийн алба хаагч, туулц сайтай 111 нэгж техник, 17 аймгийн 62 суманд хуулиар хүлээсэн тайван цагийн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаагаараа бусад байгууллагуудыг манлайлан ажиллаж байна.