Өвөрхангайн гурван сум шилэн, есөн сум цагаан зудтай байна
УОК-ийн шуурхай бүлэг ахлан Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад Өвөрхангайд цас жаахан сууж, энгэр газраар харлаж, алаг цоог болсон ч цаг наашилж малчдын нуруу тэнийх болоогүй байна. Өнгөрсөн сарын 29-нд хийсэн зудын үнэлгээгээр Зүүнбаян-Улаан, Өлзийт, Баруунбаян-Улаан төмөр буюу шилэн зудын, Бат-Өлзий, Хужирт, Хархорин Есөнзүйл, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Нарийнтээл, Хайрхандулаан, Богд гэсэн есөн сумын зарим хэсгээр зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн” гэв.
Өвөрхангай аймгийн Уянга, Арвайхээр, Сант, Баянгол, Гучин-Ус, Төгрөг сумдад цагаанаар зудархуу байна. Цас ихтэй сумдад нэмж цас орвол хаваржилт хүндрэх төлөвтэй. Аймгийн хэмжээгээр малын хорогдол 47 мянга давж, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн гурав хоногт урдаас салхилж, уул толгодыг борлуулж, зарим газраар жаахан идэш гарсан ч зам даваа хаагдах, өвөлжөө бууц цасанд дарагдах зэрэг хүндрэл гарчээ.
Тухай бүрд нь Аймгийн онцгой комисс хүн, техник гарган, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхээр эмч нарын багуудыг ажиллуулж байна. Цас ихтэй байсан газраар цаг уясахаар шар усны үер, халиа дошин үүсэх эрсдэлтэй тул суваг шуудуу гарган, далан босгожээ.