ШУУРХАЙ: Дельта хувилбарын давлагаанаас сэргийлж вакцины 3 дахь тунг тарьж эхэллээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийх талаар өнөөдөр /2021.08.18/ мэдээлэл хийлээ.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг 2021 оны хоёрдугаар сараас вакцинд хамруулж эхэлсэн.
Тэдгээр ажилтнуудад гурав дахь буюу сэдээх тунг хийх Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан” гэдгийг мэдээллээ.
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу АстраЗенека вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 41 мянган ажилтан, албан хаагчийг нэмэлт тунд хамруулах аж. . Алба хаагчдад АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийнэ.
АстраЗенека вакцины хоёр тун хийлгэсэн бол гуравдугаар тунд дархлаа өндөр тогтож буй олон улсын судалгаа гарчээ. Харин иргэдэд нэмэлт буюу гурав дахь тунг хийх эсэх талаарх эцсийн шийд гараагүй, судлагдаж байна.
Учир нь вакцинууд өөр тул нарийвчилсан судалгаа хийж байгаа гэнэ. Мөн нэмэлт тунг вакцинд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа хийлгэх нь илүү үр дүнтэй гэж олон улсын судлаачид үзжээ.
Альфа, бетта, дельта хувилбарын аль алин дээр нь гурав дахь тунгийн саармагжуулалт өндөр байгааг дэлхийн судлаачид тогтоосон. Тиймээс энэхүү олон улсын судалгааг үндэслэл болгож Монгол Улс гурав дахь тунгийн судалгааг ХӨСҮТ-д эхлүүлж бүүстер тун буюу нэмэлт тунг хийх талаар судалж, эмнэлзүйн туршилт хийж байгаа аж.
Ингээд дельта хувилбарын дараагийн давлагаа эхэлж байгаа гэж үзсэн учир вакцины гурав дахь тунг хийхээр болж байна. Гэхдээ энэхүү судалгаа нь олон улсад болон Монгол Улсад тодорхой үр дүн хараахан өгөөгүй байгаа учир шууд хийх үндэслэлгүй.Тиймээс төрийн албан хаагчдыг сайн дурын үндсэн дээр 3 дахь тунд хамруулж байгааг тодотголоо.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаярын өгсөн мэдээллээр сүүлийн үед илэрч байгаа эерэг тохиолдолд дельта хувилбар 30 хувийг эзэлж байгаа ажн. Тэр дундаа Баян-Өлгий аймагт 80 хувь, Ховд аймагт 55 хувь гэх мэтээр шинэ хувилбарын тархалт эрчимжиж байна.
ВИДЕО ҮЗЭХ: