Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад гишүүдийн 52.8 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хуулийн төсөлд гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай байгаа тул тус намын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтийг илэрхийлэхэд, хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа ажлын дөрөв хоногийн завсарлага өгсөн юм.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан уг дүгнэлтийг танилцуулсан. Уг дүгнэлтэд, Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзсэнийг дурджээ.

Цэцийн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмын дагуу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Байнгын хороодууд хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар тус тус танилцуулав.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэж 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулгадаа онцолж байлаа.

Мөн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл санал, дүгнэлтдээ тодотгов.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн  үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Иймд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Ингээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нар тус тус танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны 22 дугаар тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Монгол Улс 1992 онд нийгэм, улс төрийн шинэ тогтолцоонд шилжиж, түүхэндээ анх удаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэртэй Үндсэн хуулийн шүүхтэй болсон бөгөөд 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Үүнээс хойш зарим нэмэлт, өөрчлөлт орсон ч Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй хэмээн онцолсон. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч өнгөрсөн хугацаанд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.

Өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, хөгжлийн хурд, нийгмийн хэрэгцээг дагаж шүүх эрх мэдлийн бусад байгууллагын нэгэн адил Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн Хууль зүйн байнгын хороо үзэж тодорхой үүрэг өгч ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг гуч гаруй жилийн алдаа, оноог дүгнэн цэгнэж, дэлхий дахинаа төлөвшин хөгжиж буй Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн шүүхийн өсөн нэмэгдэж буй үүрэг, хүний эрхийг тодорхой тохиолдолд хамгаалах хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд тасралтгүй ажиллан хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын Тамгын газар, эрдэмтэн судлаачдыг оролцуулан ажлын дэд хэсгийг байгуулан мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа авсан болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулав.

Ажлын хэсгийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд тулгамдаж буй асуудлыг тодруулж, эрдэмтэн, судлаач, хуульч нартай зөвлөлдөж, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор зохион байгуулсан ажлуудын талаар дэлгэрэнгүй дурдсан. Ингээд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан зарчмын өөрчлөлтийг танилцууллаа.

Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг тодорхой болгожээ. Цэцийн гишүүн эрх зүйч байхын зэрэгцээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг тусгайлан оруулсан байна. Цэцийн гишүүний хараат бус, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно” гэж олон улсын сайн туршлагыг төсөлд тусгажээ. Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг нарийвчилж зохицуулсан байна. Тодруулбал, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас дээшгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр заажээ. Түүнчлэн Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох журмыг тодорхой тогтоож, Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгыг олон нийтэд нээлттэй мэдээллэж байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн Цэцийн нийт гишүүний хуралдааныг байгуулж, холбогдох бүрэн эрхийг олгох, Цэц үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэхээр хуулийн төсөлд заасан бөгөөд ийнхүү Цэцэд хандах хүрээ нэмэгдэхтэй уялдуулан Цэцийн гишүүн нэг туслах, нэг судлаачтай байх, Цэцийн гишүүний хараат бус байдлыг хангах, хамгаалахаар олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг төсөл нарийвчлан тусгажээ.

Түүнчлэн эрхээ сэргээлгэх хуульд заасан арга замыг дуусгасны дараа уул эрх нь зөрчигдсөн хэвээр гэж үзсэн иргэн Цэцэд гаргах эрхийг тусгасан хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдав. Иргэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байгаа нь Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх агуулгатай бөгөөд Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал нь үүнд чиглэсэн байна гэж ажлын хэсэг үзжээ. Иймд иргэний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн түвшинд хамгаалах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох зохцуулалтыг төсөлд тусгасан байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хууль санаачлагч төслийг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Цэцийг Үндсэн хуулийн шүүх болох талаас нь холбогдох зохицуулалтыг тусгасан бөгөөд Цэц нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлд заасны дагуу Цэц бүрэн эрхийнхээ хүрээнд маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах, дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах, үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгох зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

Мөн хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн болон бусад материаллаг зардалд жилд ойролцоогоор 283,543,117 /хоёр зуун наян гурван сая таван зуун дөчин гурван мянга/ төгрөг зарцуулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд хуулийн төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдаад хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, О.Цогтгэрэл, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, С.Одонтуяа нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Үндсэн хуулийн шүүх гэдэг хүний үндсэн эрхийн маргаан болон төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг авч хэлэлцэн, хянан шийдвэрлэдэг чухал байгууллага гэдгийг тодотгоод Үндсэн хуулийн цэцийн гишүүнд сахилгын болон ёс зүйн хариуцлага ногдуулах зохицуулалтыг төсөлд тусгасан эсэхийг лавлав.

Төсөл санаачлагч гишүүн Ц.Мөнх-Оргил хариултдаа, цэцийн гишүүний хариуцлагын асуудалд Ажлын хэсгээс их анхаарч хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт оруулсан. Үүнд Монгол Улсын шүүхийн шүүгчид тавигдаж буй шаардлага, зохицуулалтыг үндсэндээ тусгасан. Шүүхийн тухай хуульд шүүгч нарт хориглосон маш олон асуудлыг тусгаж зохицуулсан. Гэтэл асуудлыг хэт нарийвчлан тусгах нь зохимжгүй, буруу байгааг амьдрал харуулж байна. Тиймээс ерөнхий буюу аль ч нөхцөл байдалд нь тааруулж хэрэглэж болох зохицуулалт байх нь зөв юм. Дөрөвдүгээр бүлгийн 19 дүгээр зүйлд Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох хязгаарлах зүйл гэдэгт гурван заалтттай, дотроо найм задарсан том зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, улс төрийн өндөр мэргэшил гэдгийг тодорхой болгохгүй бол хуульчийн мэргэжлээр төгссөн ажлын туршлага, дадлагагүй хүмүүс Цэцийн гишүүн болох боломжийг нээж байгаа мэт харагдаж байгааг лавлав. “Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоог шийдэх бүрэн эрх нь УИХ-д байна. Тухайн хүний шаардлага хангаж байгаа эсэхийг шийдэх эрх нь УИХ-д үлдэж байгаа. Үндсэн хуулийн цэц нь үндсэн эрхийн маргаан шийдвэрлэдэг болж байгаа учраас Цэцийн гишүүн нь хууль зүйн дээд боловсролтой байна гэсэн шаардлагын үүднээс ганцхан заалт оруулсан” гэдгийг төсөл санаачлагч хариултдаа тодотгов.

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, “Өнөөдөр урин хавар айлчлан ирж, өдөр шөнө тэнцсэн өдөр тохиож, нарны баяр, хаврын баярыг манай улсад өргөн тэмдэглэн өнгөрүүлж байна. Наурыз хэмээх энэ  хаврын баяр нь казах түмний төдийгүй хүн төрөлхтний баяр билээ. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаас олон улсын баяр хэмээн албан ёсоор баталж, ЮНЕСКО-гийн дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэн тэмдэглэдэг энэхүү баярыг олон оронд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар казах түмэнд өөрийн биеэр баяр хүргэхээр Баян-Өлгий аймгийг зорьсон. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Х.Баделхан болон ажилч, хичээнгүй казах түмэндээ энэ сайхан нарны баярын мэндчилгээг дэвшүүлж, эрх чөлөөт Монгол эх орондоо аз жаргалаар бялхан амьдарч, ажил үйлс нь амжилт бүтээлээр цалгиж, алтайн бүргэд мэт хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж байлаа.

Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан түр завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *