Л.Оюун-Эрдэнэ: Улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар өнөөдрийг хүрлээ
Өнөөдрийн /2024.04.04/-ний УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлтэй холбоотой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар өнөөдрийг хүрч байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж засаглал сайжирснаар 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар 2022 онд 1072 хцувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол 2023 оны ногдол ашгаас энэ долоо хоногт 256 мянган төгрөг олгоно. Улсын төсвийн орлого ч анх удаа 4,6 их наячд төгрөгөөр даван биелж, энэ нь төрийн албан хаагчийн цалин, ахмадын тэтгэврийн нэмэгдэл болж очсон. Мөн валютын нөөц 5 тэрбум ам.долларыг давна гэдэг нь ямар их хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны жишээ юм.
Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх биш ирээдүйд үүсэх 22 тэрбум ам долларын өрийн тухай ярих байлаа.
Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсоосноор улсад төвлөрүүлж байсан 960 орчим тэрбум төгрөг өнөөдөр хоёр их наяд төгрөг болж, цар тахлын үед дулаан цахилгаан төлөх хэмжээнд орлого давсан нь бүлэглэлд ямар хэмжээний их мөнгө бүртгэлгүй эргэлдэж байсны энгийн нэг нотолгоо юм. Мөн Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын зөвхөн долоо нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байна. Стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилсөн, АМНАТ-аас зугтахын тулд хуваан эзэмшсэн зэрэг их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүх нотолно.
МАНАН системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж магадгүй. Бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө шударга ёсны тэмцэл хүч мөхөстөж байна. Энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна” хэмээн ярилаа.