Хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна

Хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд хог тээвэр болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд нийтийн эзэмшлийн гудамж зам, орчны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж болон барилгын хана, фасадыг угаах юм. Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой.

Хаврын их цэвэрлэгээний хүрээнд

  • Аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, хайс хашлагыг цэвэрлэх, угааж чийгшүүлэх;
  • Автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, сандал, хогийн сав, гадна фасад, хаяг, үүд хэсгийг угааж, өнгө үзэмжийг сэргээх;
  • Гудамж, зам талбайн хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг цэвэрлэж, тээвэрлэх;
  • Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын тээвэрлэлтийг эрчимжүүлэх;
  • Гудамж талбай дахь үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэх
  • Хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө баримлыг угаах, засварлах
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж, засварлах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэнэ.

Нийслэлийн хэмжээнд 1547 СӨХ үйл ажиллагаа явуулдгаас 970 гаруй нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гишүүнчлэлтэй байдаг бөгөөд гишүүн болон гишүүн бус СӨХ-дыг идэвхжүүлэх зорилгоор болзолт уралдаан зарласан аж. Иймд иргэд, оршин суугчдын идэвх санаачилгатай оролцож, СӨХ-доо дэмжихийг уриалж байна.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж буй. Энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 6337.5 тонн махыг нөөцөлсөн. Одоогийн байдлаар 204.9 тонн буюу 3.2 хувийг худалдан борлуулсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар илүү борлуулалттай байгаа юм. Үнийн хувьд зах, худалдааны худалдааны төвүүдийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8 хувиар хямд байна. Мөн нөөцийн үлдэгдэлд үндэслэн энэ сарын сүүлээр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж буйг УБЗАА-наас мэдээллээ.

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс засварлаж эхэлнэ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн боллоо. Тухайлбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-наас Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто зам, дөрөвдүгээр сарын 7-ноос Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх авто замын засвар шинэчлэлийг эхлүүлэх юм.

Засварын хүрээнд авто замын хучилтын хийцийг хүчитгэн, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, шаардлагатай тохиолдолд хашлага болон явган замд засвар үйлчилгээ хийн, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээнэ. Мөн авто замын урсгал засварын хүрээнд эвдрэл ихтэй авто замуудын нүхэн эвдрэлийг зөв хэлбэрт оруулан хөрөөдөж, түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальт бетоноор засварлаж байна. Авто замыг засахдаа амралтын өдрүүдээр хучилт хийж, шөнийн цагаар инженерийн шугам сүлжээ зэрэг бусад ажлыг гүйцэтгэх юм. Мөн замын хөдөлгөөнийг хааж, хучилт хийхдээ 48-72 цагийн өмнө иргэдэд мэдээлэл хүргэнэ.

УБ Сонгдо эмнэлгээс МУБИС хүртэлх магистрал шугамыг хонгилын системд оруулна

Жил бүрийн тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хлтын төвлөрсөн дулаан хангамжийн засварыг хийдэг. Энэ онд хийх засварын ажлын хуваарийг авто зам болон бусад инженерийн байгууламжийн ажлуудтай уялдуулан энэ долоо хоногт урьдчилсан байдлаар гаргах юм. Энэ хүрээнд улс, нийслэлийн төсөв хөрөнгө, төсөл хөтөлбөрөөр 25 байршилд нийт 15 км шугам сүлжээг шинэчилж, өргөтгөхөөр төлөвлөсөн байна. Тухайлбал, УБ Сонгдо эмнэлгийн ар талаас МУБИС хүртэлх магистрал шугамыг хонгилын системд оруулах аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *