Дэлхийн аварга дээр анх удаа Монгол гэр баригдаж, Монгол соёл танилцуулагдаж байна
Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн 2024 оны дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрийг дуустал Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18,355 нохой шилдгийн төлөө өрсөлдөхөөр цуглажээ. Mongolian Kynological Federation – MKF – Монголын Нохой Судлалын Холбоо болон Монгол банхар судлалын холбоо 8 хүнтэй баг бүрэлдэхүүн 3 Монгол Банхар болох Хангарьд, Гүен, Толигор нарынхаа хамт Загреб хотод хүрэлцэн ирсэн бөгөөд түүхэнд анх удаа Монгол Банхар үүлдэр олон улсын рингэнд гарч дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын хүртээл болох гэж байна.
Түүнчлэн үндэснийхээ өв соёлыг сурталчилж павилионыг үзэсгэлэнгийн талбайд засжээ. Монгол Банхарууд 2024 оны дөрөвдүгээрсарын 28-ны Ням гарагт 08:00 цагаас World Dog Show 2024 болон Croatia Winner үзэсгэлэн тэмцээнд оролцоно.
Монгол банхар судлалын холбоо цахим хуудаснаа, Дэлхийн аварга дээр анх удаа Монгол гэр баригдаж, Монгол соёл танилцуулагдаж байна. Өнөөдрөөс 28-ыг дуустал MKF team Монгол Банхар үүлдрээ, Монгол соёлоо сурталчилан ажиллах юм.
Мөн энэ сарын 28-ны өдөр 3 нохой Дэлхийн аваргын рингэнд гарч өрсөлдөнө. Нутгийн уугуул үүлдрүүдтэй өрсөлдөх тул ялах боломж их биш, хэдий тийм ч бид энэ том рингэн дээр ноходоо гаргаж, олон улсад харуулж чадсан нь аль хэдийн ЯЛАЛТ гэж бодож байгаа” хэмээн нийтэлжээ.