Шведийн хаант улстай соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллана

Соёлын яамны төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Стокхолм хотод 2024 оны 4 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ажиллаж Монголын түүхэнд холбогдох олон тооны соёлын өвийн дурсгалууд хадгалагдаж байдаг Угсаатны зүйн музей, Дорно дахины эртний эдлэлийн музей, Уппсалагийн их сургууль зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Мөн Монголын холбогдолтой 2000 орчим соёлын өв, дурсгал хадгалагдаж буй Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музейн дэд захирал Карл Магнуссонтой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Дэлхийн соёлын музейн Дэд захирал Карл Магнуссон нар “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Чингис Хаан Үндэсний музей болон Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музей хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Мөн Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музейн харьяа Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Богд Зонхов зэрэг бурхан шашны эд зүйлс болон шашны зан үйлийн зарим үзмэртэй танилцсан бөгөөд талууд санамж бичгийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн талаар судалгаа хийж, каталогчилох, бүртгэлийн сан үүсгэх, мэргэжилтэн солилцох, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов. Монгол Улсын Соёлын яамны зүгээс гадаадын улс орнуудад хадгалагдаж буй соёлын өв, дурсгалуудыг бүртгэх, судлах, таниулан сурталчлах чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллан, судалгааны материалуудыг нэгтгэн 12 боть номыг хэвлэн гаргасан бөгөөд цаашид дэлхийн бусад улс орнуудад байгаа Монголын түүх, соёлд холбогдох өвийг судлан тогтоох, бүртгэлжүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *