Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ыг байгуулж, хөгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-руу нүүлгэнэ. Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын LWG стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Мөн тус байгууллагаас зөвлөх үйлчилгээг авахаар талууд санал солилцсон юм.

Түүнчлэн НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага нь тус салбарын цэвэрлэх байгууламжийн технологийг олон улсад хэрэгжүүлсэн туршлагатай. Тиймээс “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламжийн технологи схем, ажлын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллана гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments