УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа
УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон ажлын хэсэг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авав.
Ажлын хэсэгт 19 нам, 2 эвслээс УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлсэн байна. Ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн энэ удаагийн сонгуульд 47 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлжээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу зургаадугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад, бүртгэх эсэх асуудлаар тогтоол гаргана.