П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар дэлхийн чансааны тэмцээнд оролцоно
Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох ээлжит тэмцээн Унгарын Будапешт хотноо ирэх зургаадугаар сарын 6-нд эхэлнэ. Тус тэмцээнд Монгол Улсаас гавьяат тамирчин П.Орхон, Д.Отгонжаргал, олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар оролцохоор болжээ.
Тэмцээн гурван өдөр үргэлжилнэ. Үүний дараа Унгарын Олимпын бэлтгэлийн төвд олон улсын эмэгтэй багуудын хамтарсан 10 хоногийн бэлтгэл зохион байгуулахаар болжээ. Тус бэлтгэлд дээрх гурван тамирчнаас гадна олимпын эрхээ авсан Э.Даваанасан, Б.Хулан нар оролцох аж.
Дашрамд дурдахад, Монголын тамирчид Говь-Алтай аймагт өндрийн бэлтгэлд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний бэлтгэл маргааш дуусаж, нийслэлд ирэх юм байна.