Х.Нямбаатар: Газрын наймааны бүлэглэлийг би дийлэхгүй юм байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх намрын чуулганд өргөн барина. 2020 он хүртэл хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт дууссан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот маань ерөнхий төлөвлөгөөгүй явж байгаа.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг бэлтгэж гадаадын хот төлөвлөлтийн компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад саяхан БНСУ-ын “Декон” компани шалгарсан. Энэ компанитай гэрээ байгуулаад ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулж байна.
Мөн Улаанбаатар хотод “Зогсоол” гэдэг хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр бодлогын зээл олгож газар доогуурх зогсоол барихаар төлөвлөж байгаа.
Богд уулын аманд отог нэрээр газар авч орон сууц барьсан газруудыг нийслэлийн өмчид авч татвар авъя, тэр мөнгөөр нь зам тавья гэхээр УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэхгүй байна. Газрын наймааны бүлэглэлийг би дийлэхгүй юм байна. Гэхдээ би тэмцэнэ. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж хийж, дараа нь тусгайлан хэвлэлийн хурал хийнэ” гэлээ.