Дүүгээс нь 900,000 төгрөг зээлээч гээд мессэж ирэхээр нь шилжүүлтэл хаягаа алдсан байжээ
Цагдаагийн байгууллагад энэ долоо хоногт буюу зургаадугаар сарын 17-21-нд залилах гэмт хэрэг 49 бүртгэгдэн шалгагдаж байна.
Дээрх хэргийн 63 хувь нь цахим орчинд болжээ. Тодруулбал Фэйсбүүк дэх чат, зарын дагуу мөнгө шилжүүлж 38 орчим сая төгрөгийн хохирол учраад байгаа юм.
Энэ төрлийн гэмт хэрэг нь хүн амын төвлөрөлтэй, явуулын хөдөлгөөн их, бараа бүтээгдэхүүний эргэлт өндөртэй болон хилийн боомттой ойролцоо Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгууд болон Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд ихээр бүртгэгджээ.
Харин өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн гомдол, мэдээллээс онцолбол:
- Сүхбаатар дүүргийн иргэн М нь “Дүүгээс 900,000 төгрөг зээлээч гээд чатаар мессэж ирэхээр нь шилжүүлтэл хаягаа хакердуулсан байна”,
- Дорноговь аймгийн иргэн Э нь “Танил хүнээс мөнгө гуйсан чат ирэхээр нь …. тоот данс руу 900,000 төгрөгийг шилжүүлтэл залилуулсан байна” зэрэг найз нөхөд, ах, эгч танилын Фэйсбүүк дэх хаягаас мөнгө зээлээч гэсний дагуу мөнгө шилжүүлээд залилуулсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл их байна.
Хэрвээ танд дээрх зүйл тохиолдож “Мөнгө зээлээч” гэсэн мессэж ирвэл
- Тухайн хүн руу утсаар эсвэл дүрст дуудлага хийж мөн эсэхийг баталгаажуулах
- Тухайн хүний нэр дээрх данснаас бусад данс руу мөнгө шилжүүлэхгүй байх,
- Facebook хаягаа бусдад алдахаас сэргийлж мэдээллийн нууцлалаа хангахыг АНХААРУУЛЖ байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар