Төв Азийн улсуудын музейн захирлуудын форум ирэх онд Монголд болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж буй. Чингис хаан Үндэсний музейд хэрэгжиж буй “Дэлхийд тархсан монгол өв” 11 боть бүтээлийг Узбекистан улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх айлчлалын үеэр бэлэг болгон барилаа.
Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын түүх соёлын хамтын ажиллагааг дэмжиж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Узбекистаны ШУА-ийн харьяа Төмөр хааны түүхийн музейн захирал Хуршид Файзиев, Улсын Түүхийн музейн захирал Жаннат Х.Исмойлова нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Хоёр улсын түүхэн харилцаа төдийгүй Узбекистан улсын нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, судалгааны чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах бөгөөд, Төв Азийн бүсийн музейн хамтын нэгдэл буй болгоход хамтран ажиллахаар тогтсон байна.
Ирэх 2025 оны наймдугаар сард Монгол Улсад Төв Азийн улсуудын музейн захирлуудын форумыг зохион байгуулах юм.
Чингис хаан Үндэсний музей нь байгуулагдсан цагаасаа хойш гадаад хамтын ажиллагаандаа анхаарч 10 гаруй орны 20 гаруй музейнүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Ингэхдээ томоохон төсөл хөтөлбөр, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулаад байна.