ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох болон дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлд Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болно. Дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй хэмээн заасан.

Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулахаар заасан бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; Төрийн байгуулалтын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын; Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн; Эдийн засгийн байнгын хороонд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус  байгуулан ажиллуулж болохоор зохицуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.05/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулсан.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 2015 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутагт суурилсан төслийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2021 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байна хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон есөн гишүүнээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөллөөс оруулна. Гишүүдийн сонгогдсон тоо адил байгаа тохиолдолд тэдгээрийн харьяалагдах нам, эвслийн бүлгийн саналыг баримтална хэмээн заасныг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан.

Тэрбээр тус дэд хороог УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-д таван удаа сонгогдсон С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн, дөрвөн удаа сонгогдсон Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, гурван удаа сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ, АН-ын бүлгээс УИХ-д таван удаа сонгогдсон Н.Алтанхуяг, дөрвөн удаа сонгогдсон Х.Баттулга, Л.Гантөмөр нарын бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог дээрх бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *