ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавих ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Анужин ахална
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэв.
Хуулийн хэрэгжилтийг хангахад ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайг үдийн хоол болгоход шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилт, салбарын зүгээс баримталж байгаа бодлогын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан товч мэдээлэл өгсөн.
Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин ахалж, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, Ч.Ундрам, Т.Аубакир, С.Чинзориг, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.
Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс