ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд болно
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд 19:30 цагт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт болох юм.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2019 онд тус хамтлаг Монгол Улсад хүндэтгэлийн тоглолтоо толилуулж байсан билээ. Тодруулбал, Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болж, дараа нь Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд уг тоглолтоо дахин толилуулж байв.