ТАЗ: Монголын төрийн алба нэг биш 32 шүдний өвчинтэй
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.БААТАРСАЙХАН хэлэхдээ “Олон улсын жишгээр төрийн албанд хүн ажилд авахдаа харилцаа хандлага, зан үйлээр нь авдаг. Ингэхдээ ярилцлага, туршлага хоёр дээр нь тулгуурладаг. Монголын хууль тогтоох байгууллага, Засгийн газар, ард иргэд юу хэлдэг вэ? гэхээр олон улсын жишгээр төрийн албан хаагчийн шалгалтаа аваач гэдэг. Тиймээс төрийн албаны шалгалтын ярилцлагын шат илүү оноотой болсон. Төрийн байгууллага өөрийн чадавхаа бэхжүүлэхийн тулд чадвартай хүн л ажилд авах ёстой. Тийм учраас удирдах албан тушаалтны хувьд ярилцлагын шатны шалгаруулалт нийт онооны 60 хувийг эзэлдэг. Үлдсэн 40 хувь нь сорил, тест.
Харин нөөц бүрдүүлж байгаа шалгалтын хувьд мэргэжил, туршлага шаардахгүй. Тэгэхээр энэ шалгалтад сургууль дөнгөж төгсч байгаа залуус ихээр бүртгүүлдэг.
Дараа нь ажлын байр зарлагдахаар туслах түшмэл, дэс түшмэлээс бусад нь ажилласан жил заасан байгаа. Залуу боловсон хүчнүүд төрийн албан хаагчийн удирдах шат руу явах боломж тэгэхээр хомс. Монголын төрийн албанд нэг биш 32 шүдний өвчин бий. Шалгалтын хувьд ч төрийн албан хаагчдын чадавхын хувьд ч сайжруулаад явж байгаа” гэв.
COVID-19-ИЙН ҮЕД ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ТОМИЛГОО ХИЙСЭН
Төрийн албаны зөвлөлд Covid-19 цар тахлаар далимдуулж хийсэн хууль бус томилгооны зөрчлийн талаарх гомдол багагүй ирдэг аж. ТАЗ-өөс өгч байгаа мэдээллээр цар тахлын үед зөвлөмж гаргаж, томилгоотой холбоотой онцгой байдал, хилийн хяналт, эрүүл мэндийн нарийн мэргэжлийн чиг үүрэгт ажиллах хүч хомсдолтой байгаа учир Төрийн албаны тухай хуульд заасан тусгай чиг үүргийг хангаж байгаа хүмүүсийг ажиллуулах чиглэл өгсөн. Энэ дунд хууль зөрчих үйлдэл гарсан. Үүний мөрөөр ТАЗ 1202 байгууллагын 20596 хүнийг шалгасан. Эндээс зөрчилтэй томилгоо 2376 илэрсэн.
Төрийн албаны тухай хуульд эрх бүхий албан хаагчдад зөрчлийг арилгах сануулах хугацаа өгдөг. Энэ боломжийн дагуу бид байгууллагуудад үүрэг өгч, 1624-ыг өөрсдөө арилгасан.
Өөрөөр хэлбэл мэргэжлээ эзэмшсэн шалгалтаа өгөөгүй байсан 1624 хүн шалгалтаа өгч ажилдаа томилогдсон. Бусад томилгоотой холбоотой зөрчлүүдийг хуулийн дагуу шийдвэрлэж байна.