ОБЕГ: Онон голд осолдсон байж болзошгүй гурван иргэнийг хайж байна
Онцгой байдлын ерөнхий газраас хүний үйл ажиллагаатай холбоотой өчигдөр болж өнгөрсөн ослын талаар мэдээллээ.
Тодруулбал, Хэнтий аймаг, Батширээт сум. Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/. 09.17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар “Онон” голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 09.18-ны өдрийн 06:40 цагт гарч, 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайрагдаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тассагт шилжүүлэн өгсөн.
Зорчигч И-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09.22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 09.23-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
-Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Адарга багийн “Уртын-Улиас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Иргэн М нь 09.08-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, “Онон” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.22-ны өдрийн 07:00 цагаас Адарга багийн ”Уртын-Улиас” гэдэг газраас баруун зүгт 40 км-т “Адаргын-Овоо” гэдэг газар хүртэл “Онон” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 09.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.