|

Төсвийн хориг “Номер нэг”-ийн шантааж уу?

Төсөв тэлж байж эдийн засаг томорно, улс орон хөгжинө. Энэ бол эдийн засаг ойлгодог хэний ч хүлээн зөвшөөрөх үнэн. Өнгөрсөн гучаад жилийн хугацаанд жинхэнэ утгаар нь төсвийн тэлэлт хийж, улсаа хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх шийдэл гаргасан Ерөнхий сайд гэвэл Л.Оюун-Эрдэнэ л байна. 2025 оны төсвийн төсөл хэрэгжсэнээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайтын хил дамнасан төмөр зам гээд олон том төсөл хэрэгжинэ. Нэг жилийн төсөвтөө өмнөх Ерөнхий сайдуудын хэдэн арваны турш зүрхэлж хөдөлгөөгүй нэжгээд төслийн санхүүжилтыг шийдэж чадсанд нь Ерөнхий сайдад баяр хүргэх учиртай. Гэтэл ийм төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавиатхав. МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, улс орны тусгаар тогтнол, аюул байдал, эв нэгдэлд анхаарах үүрэг хүлээсэн төрийн тэргүүн чухам яагаад ялсан намын Ерөнхий сайдын толгойлж байгаа Засгийн газрын гал тогооны ажилд хутгалдан орж, улсынхаа хөгжлийн эсрэг арга ядсан улстөр хийх болов оо. Монголд хэрэгтэй, иргэдэд өгөөжтэй төсөв баталчихаад байхад “Үрэлгэн төсөв боллоо, би ард түмнийхээ төлөө л хориг тавилаа” гэж жишим ч үгүй мэдэгдсэний цаана ямар учир байна вэ? Яг ийм үед яалт ч үгүй асуух асуулт бол энэ мөнөөсөө мөн.

Энэ асуултад бүрэн дүүрэн хариулт олохын тулд эхлээд энэ засагт, Ерөнхий сайдад дайсагнасан хүмүүс хэр олон бэ гэсэн асуултад хариу хайх учиртай. Өнгөрсөн сонгуулиар бүтэн 30 жил Монголын улс төрд ноёлсон бүлэглэлүүдийг нам тус бүр дээр нядааж, улс төрийн тавцнаас арчихад Л.Оюун-Эрдэнийн үүрэг их байсан. Мань эр “Улсын төсвийн хайгуулаар нөөц нь тогтоогдсон ордод төр хувь эзэмших ёстой. Олигархи компаниуд байгалийн баялгийг дангаараа эзэмшиж таарахгүй” гэж мэдэгдсэн цор ганц Ерөнхий сайд. Тийм ч учраас ашигт малтмалын орд эзэмшдэг гурван үсэгтэй том компаниуд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахад байгаа бүхнээ тавьж байна. Шуудхан хэлэхэд тэд Ерөнхий сайдтай ил, далд шууд “дайн” зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Мөнгө, эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлийн эсрэг сөрж зогссон учраас магадгүй тэр хамгийн олон дайсантай Ерөнхий сайд гэсэн тодотголтойгоор түүхэнд үлдэх биз.

Ийм олон дайсантай Ерөнхий сайдын эсрэг ямар ч хар пи ар хийхэд ядах юмгүй буулгаж авна гэдгийг олж харсан хүн бол номер нэг. Энэ дашрамд онцлоход хууль, шүүхийг атгасан Ерөнхийлөгчийн нөмөрт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн баахан лиценз атгасан гурван үсэгт том компанийн захирлууд очсон гэх жиг жуг яриа ч бий.

Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр бол төсөвт бүхэлд нь хориг тавихын өмнө төрийн тэргүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг өрөөндөө дуудаж уулзсан гэнэ. Яг ямар яриа өрнөсөн талаар тодорхой мэдээлэл алга. Ямартай ч дарамталсан утгатай үг унагасан гэх.

Эх сурвалжийн өгсөн энэ мэдээлэл үнэн бол бас л хоржоонтой нүүдэл хийж байгаа юм шүү. Улсынхаа хөгжилд хэрэгтэй төсөв баталчихаад байхад зөвхөн өөрийн ашгийг бодож ийм тулгалт хийх нь үндэсний аюулгүй байдалд анхаарах үүрэг хүлээсэн Ерөнхийлөгчийн хийх ёстой алхам лав биш. “У.Хүрэлсүхэд ахиад Ерөнхийлөгч болох том эрх ашиг бий” гэж улс төр гадарладаг хүмүүс хаалганы цаана ярьцгаадаг. Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг дуудаж уулзахдаа дарамталсан утгатай үг унагасан нь үнэн бол тэр дарамтных нь нэхэл “Би ахиад Ерөнхийлөгч болно шүү” гэсэн тулгалт байсан юм биш байгаа. Энэ мэтээр базаж тоймлоод харахаар төсвийн хориг Ерөнхийлөгчийн шантааж л болж таараад байна.

Ч.ТҮВШИНСАНАА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *