ГХУСАЗЗ-ийн 4 дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шинэчлэн батлагдсан бүрэлдэхүүний анхны хуралдаан өнөөдөр (2024.10.29) болж, үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний 9 сарын явцын хэрэгжилтийг танилцуулж, хэлэлцлээ.
Хурлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга О.Алтангэрэл удирдаж, тус зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, яамны харьяа байгууллага, агентлагийн дарга нар танхимаар, зөвлөлийн гишүүд болох Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Ерөнхий аудитын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, 11 яам, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагын удирдлагууд цахимаар оролцов.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга О.Алтангэрэл авлигын эсрэг хууль тогтоомж, тогтолцоог боловсронгуй болгох, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон “Теле камерын хяналтын нэгдсэн төв” байгуулах асуудлыг онцоллоо.
Тус хуралдаанаар Зохицуулах зөвлөлийн дэргэд ажиллах “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг хэлэлцэж, шинэчлэн батлав.
Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн ажил, арга хэмжээг эрчимжүүлэх нь цаашдын тэргүүлэх чиглэл болохыг тодорхойллоо.