Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, эдийн засгаа тэлэх 14 мега төслийн нэг бол “Хэрлэн тооно” төсөл. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах “Хэрлэн тооно” төслийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энгийнээр тайлбарлавал бороо хур ихтэй жил үерийн усыг хуримтлуулж, усан сан үүсгэх юм. Энэ нь Хэрлэн голын голдиролд ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Голын урсцын тохируулга хийн, ус дамжуулах хоолойгоор дамжуулалт хийснээр Говийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хот суурин, хүн ам, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах зориулалтаар ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрийн ус хангамжтай хамтад нь шийдвэрлээд зогсохгүй ногоон байгууламжуудыг дахин сэргээх боломж бүрдэх чухал төсөл юм.
Төслийн ажил ТЭЗҮ, судалгаа хийх шатанд явж байгаа бөгөөд ТЭЗҮ-д Тайшир, Дөргөн, Орхон-Онги зэргийн ТЭЗҮ, судалгааг хийж байсан компани шалгарчээ. Хэрлэн Тоон төслийн ТЭЗҮ, зураг төсөл хийх санхүүжилтийг Оюу толгой ХХК-аас санхүүжүүлэх юм. Зураг төсөл боловсруулж дууссаны дараа Засгийн газраас холбогдох хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, бүтээн байгуулалт эхлэх аж.
ХЭРЛЭН ГОЛ
Хэрлэн гол Монголын нутгаар 1,090 километр урсаж, БНХАУ-ын нутаг руу жилд дунджаар 0.6 тэрбум м.куб ус гаргадаг байна. “Хэрлэн тооно” төслийг хэрэгжүүлснээр Хятадын далай, нуурын усны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ талаар хөрш оронтойгоо ярилцана гэдгийг “Хэрлэн тооно” төслийн зөвлөх Ш.Мягмар хэлсэн юм.
Түүнчлэн жилдээ 30 мянган тонн хүлэмжийг хийг бууруулах, тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд усны эх үүсвэрийг шинээр бий болгох, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулж, нөхөн сэргээхэд чиглэсэн асуудлуудыг хамтад нь шийдвэрлэх боломжтой талаарх судалгааг хийх, төслийн ТЭЗҮ боловсруулахад бэлэн болжээ. “Хэрлэн тооно” усан цогцолбор ашиглалтад орсноор Хэрлэн голын олон жилийн дундаж урсцын 5-9 хувийг битүү хоотойгоор дамжуулан Хэнтий, Чойр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, цаашлаад уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангах боломжтой боломжтой.
“Хэрлэн Тооно” төслийн зөвлөх Ш.Мягмар: Хэрлэн Тооно төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын усны нөөцийг тодорхой хувиар нэмэгдэж, Хэрлэн голын экологийн урсац хэзээ ч тасрахгүй болох боломжтой. Ямар ч ган гачиг тохиолдсон Хэрлэн гол 19-20м/сек урсдаг хэвээрээ байх болно.
Төсөв тэлж, эдийн засгаа хөгжүүлэхээр зорьж буй энэ цаг үед хөгжлийг сааруулах нэг хүчин зүйл бол усны нөөц. “Хэрлэн тооно” төслийг хэрэгжүүлснээр бид үйлдвэр, уурхай, станцуудаа усаар хангах боломж бүрдэнэ. Мөн цаашлаад говийн бүсийн усыг нөхөн сэргээх боломжтой болно. Ингэснээр газрын доорх болон гадаргын усаа хосолсон байдлаар ашиглаж, улс орны эдийн засаг, нийгэмд маш үнэтэй хувь нэмэр оруулна гэж тооцож байгаа.
Хэрлэн тооно төслийг хэрэгжүүлснээр:
Говь бүс нутагт томоохон хэмжээний нуур, усан сан үүссэнээр тухайн нутгийн уур амьсгал чийглэг, зөөлөн болно,
Нутгийн иргэдийн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон ахиц гарна,
Тухайн бүс нутагт усны эрчим хүчийг гаргаж авснаар хүлэмжийн ялгарлыг бууруулна,
Үерийн усыг хуримтлуулж, Говь, тал хээрийн бүс нутгийн хатуулгатай ус хэрэглэдэг хүмүүсийг цэвэр усаар хангана,
Мал аж ахуйн, газар тариалангийн тодорхой бүс нутгуудад 15-20 километр тутамд гаргалгааны худаг гаргаж өгснөөр тухайн бүс нутгийн бэлчээрийн ашиглалт, малын усан хангамж сайжирна.
Усан сангийн байгуулах ТЭЗҮ хийхээр гэрээ байгуулах шатандаа явж байна. Бид Хэрлэн говь, Хэрлэн тооно, Хэрлэн Баянмөнх гэх гурван байршилд судалгаа хийж, хамгийн оновчтойг нь сонгож усан сан барина. ТЭЗҮ, судалгаа хийж дууссаны дараа байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар Хэнтий, Дорнод, Говь-Сүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн иргэдтэй байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн хэлэлцүүлэг хийнэ.
Усан сан байгуулах газрын анх судалгааг 1980-аад онд Унгар, Монголын эрдэмтэд хийсэн. Түүний дараа 2000 оны эхээр Японы “Жетра” байгууллагаас урьдчилсан судалгаа хийсэн. Мөн 2013, 2014 онд тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ч судалгаа хийсэн байдаг.